Португаль улсын Гүэмараес хотноо Оюутны дэлхийн аварга шалгаруулах Шатрын XII тэмцээн энэ сарын 19-нь эхэлсэн билээ. Тэмцээнд 22 орны 100 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн төрөлд ОУ мастер А.Энхтуул, дэд мастер Б.Билэгжаргал, С.Сарантунгалаг, Б.Ану нар оюун ухаанаа уралдуулж байна. Эрэгтэй тамирчдын хувьд Б.Ариунбүүвэй, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар багтсан. Баг тамирчдын дасгалжуулагчаар, гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, олон улсын шүүгч П.Жигжидсүрэн удирдаж байгаа. Шатарчид одоогийн байдлаар дөрвөн өрөг тоглосноос эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын тамирчин Тан Хонгуи 2456 оноогоор тэргүүлж байгаа бол манай улсын Э.Алтан-Өлзий 2117, А.Баяр 2036 оноогоор 11, 12 дугаар байрт явна. Харин Б.Баясгалан 1841 оноогоор 18 дугаар байрт эрэмблэгдэж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд 2670 оноогоор мөн л БНХАУ-ын тамирчин Бу Хиангзх тэргүүлж байна. Манай улсын Г.Бадрах 2256 оноогоор 16, А.Равданлхамбуу 2115 оноогоор 25, А.Бадамдорж 1934 оноогоор 35 дугаар байрт бичигдэж байна. Тэд цаашдаа таван өрөг тоглож энэ сарын 26-нд дүнгээ гаргана.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )