Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Энержи ресурс” компани үүсэн байгуулагдсаны дөрвөн жилийн ойд зориулсан наадам боллоо. Тус наадамд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Л.Гантулга, Ц.Одбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 хүчтэн уран мэхээ уралдуулан барилдав. Барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ”, “Энержи ресурс” компанийн бөх улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” группийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Тэс сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх цэргийн арслан Б.Ганзориг нар үлдэв.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )