Өнөөдөр Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран дасгалжуулагч, ахмад, залуу үеийн шигшээ багийн шатарчдын хамт мэдээлэл хийлээ. Тодруулбал, шигшээ багийн шатарчид дэлхийн 40-р олимпиадыг зорих гэж байгаа болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шатрын спортыг дэмжүүлэх тухай бичиг өргөн барихтай холбогдуулан мэдээлэл хийв.
Залуу шатарчдын төлөөлөлд зургаан настай Монголчуудын оюун ухааныг дэлхийд гайхуулсан, Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон Е.Төгстөмөр, Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Г.Энхчимэг нар хүрэлцэн иржээ.
Тэд нэгнийгээ таньдаг болохоор хөгжилдөн, хүүхэд насны гэнэн, цайлган инээдээр баяр баясгалан цацруулж байгаа нь тэдэнтэй ярилцахад хүргэсэн юм.
-Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ? Та хоёрын энгэрт медалууд гялалзаад гоё харагдаж байна? Ямар амжилт үзүүлж байв?
Е.Төгстөмөр: Би хоёр настайгаасаа эхлэн шатар тоглож сурсан. Өвөөгөөрөө шатар заалгаж, анх дөрөвдүгээр байранд орсон. Манай өвөө мастер. Би дөрвөн алт, хоёр мөнгөн медаль авсан.
Г.Энхчимэг: Би гурван настайдаа шатар тоглож сурсан. Анх ааваараа шатар заалгаж, “Цодгор хүү” тэмцээнд ороод мөнгөн медаль авсан. Хоёр мөнгө, нэг нь хүрэл медальтай.
/Ингээд Г.Энхчимэг ичсэн бололтой. Ярилцлагаа Е.Төгстөмөртэй үргэлжлүүлсэн юм/
-Чи хамгийн сүүлд их том шагналтай эх орондоо ирсэн шүү дээ? Тэр тэмцээнийхээ тухай ярьж өгөөч?
- Стандартын төрөл, нэг нь блиц, рапид гэдэг төрөл байсан. Тэр нь 15 минут тоглодог. Харин уртын тоглолт нь нэг цаг 30 минут тоглодог юм.
-Нэг цаг 30 минут тоглох хэцүү юу?
-Амархан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсын шатарчин байсан бэ?
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч Энэтхэгийн шатарчин байсан.
-Зургаан настай юм байна. Сургуульд орох уу?
-Есдүгээр сарын 1-нд орно.
-Хэддүгээр сургуульд орохоо мэдэж байгаа юу?
-33-р сургуульд орно.
- Саяхан тивийн аварга болсон байна шүү дээ? Ирээд өөр тэмцээнд оров уу?
-Ороогүй.
- Ойрын хугацаанд ямар тэмцээнд орох вэ?
-11-р сард дэлхийн аваргад орно.
Онц сураад, дэлхийн аварга болоорой. Амжилт хүсье.
Ингээд Е.Төгстөмөр бид хоёрын яриа өндөрлөлөө. Авхаалж сэргэлэн, цог золбоо гэрэлтсэн нүдтэй хүү "Цаг 30 минут тоглох амархан байсан" гээд хээв нэг хэлж буй нь тэрээр өнөөдөр ч төгс, ирээдүйд ч төгс байхыг илтгэх шиг санагдсан юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )