Монголын Хөлбөмбөгийн Холбоо ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг Grassroots буюу өсвөр, бага насны хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, улс орон даяар өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Үүндээ хөлбөмбөгийн спортод амжилт олох хүүхдийг багаас нь тус спортод татан оролцуулахад чигэлж байгаа аж. Ингэхийн тулд мэргэжлийн багш дасгалжуулагч хангалтгүй байгаа учраас ойрын жилүүдэд бүх аймагт хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг сайн тавих, аймгийн төв, сумуудын ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургах зорилгоор МХБХ-ноос Монгол Улсын Засгийн Газар, Боловсролын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд- хөлбөмбөг- ирээдүй” хөтөлбөр гарган, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Иймээс эхний ээлжинд бүх аймгаас тус бүр нэг төлөөллийг нийслэл хотод маргаашнаас ирэх сарын 01 хүртэл Grassroots instructor буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтанд хамруулах юм байна. Мөн Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт очиж, гурван хоногийн Grassroots дасгалжуулагчийн сургалт явуулах аж. Дээрх сургалтуудыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж явуулах юм. Хөтөлбөрийн нээлтийн ёслол ирэх Бямба гаригт Сүхбаатарын талбайд “Хөлбөмбөгийн баяр” нэртэйгээр зохион байгуулагдана. Нээлтийн ёслолд Дэлхийн хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )