Р.Нямдорж: Хоёр бөх сэргээш хэрэглэсэн байх магадлалтай

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгийн 16-д тунаж үлдсэн бөхийн шинжилгээний хариу БНСУ-аас хэдхэн хоногийн өмнө иржээ. Тэднээс хоёр нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл гарав. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржоос дараах асуултад тодруулга авсан юм.

-Шинжилгээний хариугаар хоёр бөх допинг хэрэглэсэн гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байгаа шүү. Одоогоор тэднийг яг хэрэглэсэн гэж хэлэхэд эрт байна. Дараагийн шинжилгээний хариугаар шийдвэрлэгдэнэ.  

-Та хэзээ мэдсэн бэ?

-Энэ сарын 26-нд БНСУ-аас шинжилгээний хариу ирсэн. Тэр өдөр.

-Тэр хариу хэрвээ үнэн бол та ямар арга хэмжээ авах вэ?

-Монголын Үндэсний бөхийн холбоо 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн долдугаар зүйлийн 4,2-т зааснаар спортын талбар дахь шударга шүүлтийг хэрэгжүүлэх зорилгоор баяр наадамд таваас дээш давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах болсон хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Тэр үеэс хойш бид ажиллаж байгаа. Хуульд “Хэрэв тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, цол тэмдгийг нь хурааж, хоёр жил барилдах эрхийг нь хасна” гэж заасан. Энэ арга хэмжээгээ л авна даа. Дээрх хоёр бөх уг “А” сорьцын шинжилгээг хэрэглсэнээ зөвшөөрөхгүй бол тухайн тамирчны саналаар “Б” сорьцыг шинжлүүлнэ.

-Хэн гэдэг бөх хэрэглэсэн байна вэ?

-Одоогоор хэлэх боломжгүй. Шинжилгээ бүрэн тогтоогдсоны дараа нийтэд мэдээллэнэ.

-Ямар цол хүртсэн бөх хэрэглснийг нь хэлж болохгүй юм уу?

-Болохгүй. Одоо хэлбэл би хуулиа зөрчсөн болно.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top