Монголын Хөлбөмбөгийн Холбоо ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг Grassroots буюу өсвөр ба бага насны хүүхдийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхээр орон даяар өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Эхнийх нь өнөөдөр өндөрлөсөн орон нутгийн хөлбөмбөг сонирхогчдод дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа багш нарт болон аймаг, сумын ЕБС-ийн биеийн тамирын багшид хөлбөмбөг заах арга барилыг эзэмшүүлэх зорилготой “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр байлаа. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд “Бүх нийтийн баяр” зохион байгуулав. Үүнд тус спортыг сонирхдог хүүхдүүд аав, ээжтэйгээ хослолын хувцсаа өмсч, хөлбөмбөгөө цүнхэлж иржээ. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд МХБ-ийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, МОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Дэлхийн хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Хөлбөмбөгийн спортод амжилт олох эх үндэс нь бага насны хүүхэд байдаг. Тиймээс багаас нь тус спортод идэвхтэй оролцуулахаар тэдгээр хүүхдүүдийг ирүүлжээ.
Дээрх хөтөлбөрийг МХБХ, Монгол Улсын Засгийн Газар, Боловсролын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ хамтран хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэд энэ сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт очиж, гурван хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулах гэнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )