Монголын оюутны спортын аравдугаар “Универсиад” их наадмын хүрээнд зохион байгуулагдсан волейболын тэмцээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, Их засаг, Мон-Алтиус зэрэг 20 гаруй их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 16, эмэгтэй 11 багийн 280 гаруй тамирчид өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд С.Амгаабазар дасгалжуулагчтай, Д.Билгүүн ахлагчтай ХААИС-ийн баг тэргүүлж, М.Бат-Очир дасгалжуулагчтай, Д.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС, Н.Галбадрах дасгалжуулагчтай, М.Мөнхсайхан ахлагчтай МУИС-ийн баг удаалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Дорж дасгалжуулагчтай, Э.Уранбаяр ахлагчтай ШУТИС, Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай, Алтангэрэл ахлагчтай Их засаг, С.Амгаабазар дасгалжуулагчтай, М.Оюунтуяа ахлагчтай ХААИС-ийн баг эхний гурван байрт шалгарчээ. Багийн дүнгээр Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг аваргаар шалгарч, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, Б.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг удаах байрыг эзлэв. Тэмцээнийг волейболын спортын мастер, улсын шүүгч Х.Золдэлгэрээр ахлуулсан шүүгчид шүүсэн байна. Наадмын дараагийн тэмцээн заалны хөлбөмбөгийн төрлөөр энэ сарын 19-22-нд болно.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )