Тамирчдад тохиолдсон явдал

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Тив дэлхийн дэвжээнд алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, Монгол гэсэн нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж явдаг тамирчид гэдэг гайхан биширмээр, энхрийлэн хайрламаар хүмүүс ээ. Галтай, дөлтэй цэл залуухан насаа их спортод эргэлт буцалтгүй зориулсан тэдний чин зориг, үнэнхүү тэвчээр, зүтгэлийн үнээр Монгол Улс өнөөдөр дэлхийн их спортод өөрийн гэсэн баттай орон зайгаа эзэлсэн билээ. Тамирчид гэдэг тэмээ өргөх сэтгэлийн тэнхээтэй ч, балчирхан хүүхэд шиг мэлмэрүүлэн уйлдаг торгон мэдрэмжтэй, дэндүү цайлган хүмүүс байдаг. Тэдэнд тохиолддог хөгтэй, хөгжилтэй явдлуудыг эмхэтгэн бичвэл хэзээ ч дуусдаггүй “үлгэрийн далай” болно. Харин энэ удаа зах зухаас нь танд  хүргэе.

“Чи намайг биш, би чамайг болгож өгнө дөө”

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотноо болж өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс манайхан нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээний баатраар “Дэлхийн цом”, “Гранпри” гээд буурал Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн ОУХМ П.Лхамдэгд тодорсон билээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр -78 кг-д барилдсан П.Лхамдэгд маань Туркменстан, Казахстаны бөхийг төвөггүйхэн буулгаж аваад алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жён Гён Мигтэй учраа таарчээ. Манай ОУХМ-аас намхан ч бахимхан биетэй Солонгосын жүдоч татами дээр гарахын өмнө гар хөлөө гозолзуулаад, бодвол “Чамайг би нэг болгоод өгнө өө” гэж дэргэдэх хүн ч сонсмоор чанга хэлээд дэвжээнд гарсан гэнэ. Хүчтэй хоёр өрсөлдөгчийн барилдаан нэг юүко үнэлгээгээр буюу ОУХМ П.Лхамдэгдийн ялалтаар өндөрлөсөн байна. Медаль гардуулах ёслолын үеэр аргагүй дийлдсэн БНСУ-ынг жүдоч бүсгүй манай П.Лхамдэгдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлжээ. Дэвжээн дээр дайснууд ч, дэвжээнээс буугаад найзууд гэдэг энэ буюу.

Эсрэг талаас нь барианд оржээ

ОУХМ Д.Даваасүрэн 2007 оны долдугаар сард ОХУ-ын Эрхүү хотод болсон олон улсын тэмцээнд оролцож явахад энэхүү хөгжилтэй явдал тохиолджээ. Толгойн хэсэгт уралдаж явсан тамирчны маань дугуй хагараад хэсгээсээ тасраад үлджээ. Түргэн гэгч дугуйгаа солиулаад уралдааныхаа замд орон хүчлэн жийсээр бариандаа орсон байна. Тэгсэн чинь үзэгчид инээлдээд сүйд болж гэнэ. Сүүлд нь учрыг мэдвэл барианыхаа нөгөө талаас нь орж ирсэн байжээ. Учир нь дугуйгаа солиулаад уралдахдаа зам хоёр салсныг мэдэлгүй буруу замаар нь орж, эсрэг талаас нь барианд орсон нь энэ байж л дээ.

Буудлагын тэмцээнд буугүй оролцсон нь

1993 оны тавдугаар сард БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод болсон А зэрэглэлийн тэмцээнд оролцохоор гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо тэргүүтэй Монгол Улсын буудлагын спортын баг тамирчид замд гарчээ. Тэд БНХАУ-ын хилээр дамжин өнгөрөхөд тэдний бүх бууг хураан авч тэд аргагүйн эрхэнд БНАСАУ-д буугүй очжээ. Тэд солонгос нөхдөөсөө буу гуйж л дээ. Тэгсэн Монголын багийг хүчтэй өрсөлдөгчид гэж мэдэж байсан солонгосчууд хамгийн муу буунуудаа өгчээ. Улсын зардлаар очсон тэд тэмцээнд нэр төртэй оролцох ёстой үүргээ бодоод нөгөө буунуудаар нь шүд зуугаад л буудсан байна. Гэтэл гавьяат тамирчин Д.Мөнхбаяр гайхалтай сайн буудаж тэр тэмцээнд түрүүлжээ. Тэмцээний дараа Монголын авьяаслаг тамирчны тухай Солонгосын гол хэвлэлүүдэд мэдээлэл цацагдаж, манайхан ч сэтгэл дүүрэн буцацгаажээ.

Гутлаа тайлах уралдаан

Монголын уулчид Алтайн ууланд авирсны 55 жилийн ой энэ онд болно. 1956 онд ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Л.М.Пискарёвоор удирдуулсан одоогийн гавьяат дасгалжуулагч Р.Зориг, гавьяат тамирчин Ж.Лувсандаш нарын бүрэлдэхүүнтэй тамирчид авирчээ. Тэд Потанины мөсөн голоор ачаа бараагаа чирч, үүрээд арайхийн дээшээ явтал харанхуй нөмөрч гэнэ. Майхнуудаа босгон хувцсаа тайлан амарцгаах гэтэл гутлуудынх нхь үдээсүүд барьцалдаад хөлдчихсөн байжээ. Л.М.Пискарёв багш нь примускээ асаан цайгаа чанаж гэнэ. Тэгээд хамгийн түрүүнд гутлаа тайлсан хүнийг нэг аяга халуун цайгаар шагнана гэсэн уралдаан зарлажээ. 1, 2, 3 гээд л гутлаа тайлахаар үзэж тарцгаажээ. Тэгтэл гавьяат тамирчин Ж.Лувсандаш 37 минутад өрөөсөн гутлаа тайлж нэг аяга халуун цайгаар шагнуулжээ. Хожим нь гавьяат тамирчин маань “Тэр аяг цай миний амьдралдаа ууж үзсэн хамгийн амттай цай байсан” хэмээн дурссан гэдэг.

“Энд чинь миний мэддэгээс YAMAHA л байх шив дээ”

Бас л нэгэн хөгжилтэй явдал дугуйчдад тохиолджээ. Тайванийн олон өдрийн уралдаанд оролцохоор манай зургаан дугуйчин дасгалжуулагчийн хамт тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө очжээ. Чөлөөт цагаараа гадуур зугаалж явсан тэд тэмцээний нээлт болох газарт очиж гэнэ. Тэгсэн дасгалжуулагч нь гарааны зурваст байсан олон бичгийг харж байснаа “Энд ч миний мэддэгээс Y ма на л байх шив дээ” гэж гэнэ. Тамирчид тэр зүг рүү нь харвал “YAMAHA” гэсэн бичгийг “ү ма на” гэж хэнэг ч үгүй уншсан байжээ.

“Энэ онгоц чинь зогсчихсон байна шүү дээ”

1997 онд Югославт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай самбочид эрэгтэй, эмэгтэй багаараа оролцоод буцаж явжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алтан медаль авч ганзага дүүрэн буцаж явсан тамирчид медалиудаа угаан онгоцонд бяцхан цайллага хийжээ. Багийнхан нь Мөнгөө гэж дууддаг ОУХМ бүсгүй унтаад л яваад байж. Тэгснээ гэнэт сэрээд “Яана аа. Энэ онгоц чинь зогсчихсон байна шүү дээ” гэж ихэд сандарч багийнхныгаа хөгжөөжээ.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top