Их мастер нэгээр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-нд Туркийн Стамбул хотод Дэлхийн шатрын 40 дүгээр Олимпиад болсон билээ. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын шатрын холбооны удирдлага болон Олимпиадад оролцсон тамирчид тэмцээнд хэрхэн оролцсон талаар мэдээлэл хийв.

Хоёр жилд нэг удаа болдог шатрын хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнд манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр тамирчин эх орноо төлөөлөн оролцсон юм.

Монголын шатарчид 1956 онд ОХУ-ын нийслэл Москвад болсон Олимпиадад оролцож эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй шатарчид зургаан хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор 157 орноос 46 дугаар байрт орж, өмнөх амжилтаа 10 байраар ахиулсан юм. Манай эрэгтэй шатарчдаас нэгдүгээр ширээнд өрсөлдсөн улсын гурван удаагийн аварга Б.Гүндаваа 5.5 оноо авч, Олон улсын их мастер цолны болзол хангав. Тэрбээр Монгол Улсаас төрсөн зургаа дахь их мастер болсон юм.

Эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун 7.0, Д.Шаравдорж 6.0,фиде мастер  Г.Мөнхгал 4.5, М.Гүнбаяр 3.0 оноо авчээ.

Олимпиадын эмэгтэйчүүдийн тэмцээнд 127 орны баг өрсөлдснөөс Монголын бүсгүйчүүд долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтой 13 дугаар байрт оржээ.

Бүсгүйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд тоглож, 7.0 оноогоор ширээндээ дөрөвдүгээр байр эзэлсэн нь шилдэг амжилт байв.

Мөн их мастер Т.Батчимэг, фиде мастер С.Отгонжаргал нар ширээндээ эхний 20 дугаар байрт оржээ.

Олимпиадын үеэр Олон улсын шатрын холбооны ээлжит хурал болж, шатрын спортын хөгжил зохион байгуулалт, бодлогын чанартай өөрчлөлт, шинэчлэлт, бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын талаар олон асуудлыг хэлэлцсэн аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top