Д.Бямбадорж 70 дахь их аваргаар тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн 14 дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөж Монголчууд бидэнд гайхалтай нэгэн зүйл тохиолдлоо. Энэ бол озеки Харумафүжи Д.Бямбадоржийн Какурюү М.Анандтай хийсэн барилдаан байв. Тэрбээр барилдаан дөнгөж эхлэнгүүт золгооны барьцнаас шахаж түрээд ёрокири мэхээр өвдөг шороодуулсан юм. Сумо бөхийн холбооны удирдлагууд түүнийг энэхүү башёд 14-өөс дээш давбал энэхүү цолыг өгнө хэмээн амлаж байсан. Тиймээс мэргэжлийн сумо бөхийн түүхэнд Д.Бямбадорж 70, элэг нэгт бөхчүүдээсээ гурав дахь их аваргаар тодорлоо. Тэдний барилдааны дараа 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, Кэсини Сата нарын барилдаан эхэлсэн ч М.Даваажаргал өрсөлдөгчөө “юм” болгосонгүй. Маргааш шинэ аварга М.Даваажаргалтай барилдана. Хэрэв Д.Бямбадорж түүнийг буулгаж авбал нэг ч унаагүй түрүүлж дөрөв дэх удаагаа Японы эзэн хааны цомыг гардах юм. Харин М.Даваажаргал түрүүлвэл 23 дахь удаагаа хүртэнэ.   

У.Баяраa

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top