Шинэ их аварга нэг ч унаагүй түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өчигдөр өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Үүгээрээ тэрбээр сүүлийн барилдаануудаасаа уналгүй 31 давж байгаа юм. Тэрбээр барилдааны сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр ялсан. Тэдний барилдаан дэвжээнд гарахаас эхлээд л харцаараа тулалдаж эхэлсэн. Сумочдынхоо чансааг тэргүүлж байгаа учир арга ч үгүй биз. Хоёр их аваргын барилдаан дөрвөн минут гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ нь сумочдийн барилдаанд нэлээд удаан үргэлжилсэн гэсэн үг. Мөн тэдний хүч тэнцүү байгааг илтгэж байгаа юм. Д.Бямбадоржийн хувьд өнгөрсөн долдугаар сарын нагоя башёд мөн л нэг ч унаагүй түрүүлсэн. Тэрбээр М.Даваажаргалыг давсныхаа дараа дэвжээнээсээ адис авсан. Маш их хүч гаргаж барилдаж түрүүлсэн болохоор энэ сарын башёгийн хамгийн хэцүү даваа тэр байсан биз ээ. Түүнийг дэвжээнээс буухад хамгийн түрүүнд Исэгахама дэвжээний бөх Аминишики баярын нулимстай баяр хүргэж байгаа харагдсан.

 Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 13-2, озэки Какурюү М.Ананд 11-4, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Шотэнро Д.Нямсүрэн 6-9 амжилтаар аки башёг өндөрлүүллээ.

Аки башёгийн түрүү бөх Харумафүжигийн барилдааны дүнг танилцуулъя.

 

Эхний өдөр: Аойяма /ёрикири/

2 дахь өдөр: Аран /ёрикири/

3 дахь өдөр: Шохозан /ёрикири/

4 дэх өдөр: Кайсэй /уватэдашинагэ/

5 дахь өдөр: Точиношин /ёрикири/

6 дахь өдөр: Хомашо /хатакикоми/

7 дахь өдөр: Гагамару /шитатэнагэ/

8 дахь өдөр: Мёогирюү /күбинагэ/

9 дэх өдөр: Тоёоношима /сотогакэ/

10 дахь өдөр: Такаяасү /шитатэнагэ/

11 дэх өдөр: Окиноуми /уватэнагэ/

12 дахь өдөр: Гоэйдо /цүкитаоши/

13 дахь өдөр: Кисэносато /ёрикири/

14 дэх өдөр: Какурюү /ёрикири/

15 дахь өдөр: Хакухо /шитатэнагэ/

У.Баяраа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top