Жон Терри Английн шигшээгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Английн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч асан, Лондонгийн “Челси” клубын хамгаалагч Жон Терри шигшээд тоглох хөл бөмбөгийн карьераа өндөрлөж байгаагаа мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлээ өчигдөр орой буюу Английн хөл бөмбөгийн холбоонд арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар түүний эсрэг гаргасан асуудлыг хэлэлцэхээс нэг хоногийн өмнө хийсэн байна. 31 настай хөл бөмбөгчний үгээр бол, түүний энэхүү тоглолтоо төгсгөх шийдвэр гаргахад Хөл бөмбөгийн холбооны сунжирсан дарамттай үйл ажиллагаа нөлөөлсөн гэжээ.

Лондонгийн Queen”s Park Rangers клубын хөл бөмбөгчин Антон Фердинанд өөрийг нь арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан гэсэн гомдлыг Жон Терригийн эсрэг гаргасан аж.

2011 оны аравдугаар сарын 23-нд Английн хөл бөмбөгийн Премьер-лигийн аварга шалгаруулах тэмцээнд QPR, "Челси" багууд хоорондоо тоглож байх үед хоёр хөл бөмбөгчний хооронд маргаан үүсэн, Фердинандын өгүүлснээр Терри түүнийг дорд үгээр дайран “хар” гэсэн тодотгол нэмсэн гэжээ. Карибын тэнгисийн арлуудын нэгнээс гаралтай Антон Фердинанд үүнийг өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан доромжилсон хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан аж. Үүнтэй зэрэгцэн Английн хөл бөмбөгийн холбоо Жон Терригийн эсрэг сахилгын арга хэмжээ аван Английн шигшээ багийн ахлагч цолыг хураажээ.

Өнгөрөх долоодугаар сард шүүхээс Терриг буруугүй хэмээн тогтоосон боловч Хөл бөмбөгийн холбооноос түүний сахилгын шийтгэлийг цагаатгахгүй байгаа аж.

“Би хөл бөмбөгийг орхиж буйгаа албан ёсоор зарлаж байна. Намайг дэмжин тусалж 78 удаагийн уралдаан тэмцээнд оролцуулж байсан бүх дасгалжуулагч нартаа талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс үндэсний шигшээ багт тоглоно гэдэг миний хүүхэд байхын мөрөөдөл маань байсан юм. Энэ утгаараа шигшээгийн тамирчин байсан маань надад хамгийн бахархалтай, нэр төрийн хэрэг байлаа. Хөл бөмбөгийн ертөнцийг орхиж буйгаа зарлахад зүрх сэтгэл минь урагдах шиг болж байна. Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Рой Ходжсон болон түүний багт цаашдын өндөр амжилтыг хүсье” гэжээ.

Жон Терри 2003 оноос Английн шигшээд байсан ба 2006-2010, 2011-2012 оны хоёрдугаар сар хүртэл шигшээ багийн ахлагчаар ажиллаж байлаа. Өөрийн сүүлчийн олон улсын тэмцээнийг тэрээр есдүгээр сарын 7-нд  2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын нөхөрсөг тэмцээнд Молдавын багтай хийн англичууд 5:0 харьцаагаар хожсон байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top