Ш.Лхагваа: Би гавьяатаас бусад шагналыг хүртсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Украйн Улсын нийслэл Киeв хотноо энэ сарын 15-22-ны өдрүүдэд хүндийг өргөлтийн ДАШТ болсон. Тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцож нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэд өнөөдөр өглөө эх орондоо ирсэн юм. Тус тэмцээнээс алтан медаль хүртсэн спортын мастер Ш.Лхагваатай ярилцлаа.

-Юуны өмнө танд алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар товч ярихгүй юу? 

-Баярлалаа. Манай долоон тамирчин, нэг ахлагч найман хүний бүрэлдэхүүнтэй явж оролцоод ирлээ. Тэмцээн Европын холбооны хөлбөмбөгийн тэмцээн болдог цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгэхэээс ч аргагүй юм болсон. 46 орны 700 гаруй тамирчин ирсэн болохоор өөр ордонд багталцахааргүй байсан л даа.   

-Энэ тэмцээнд манайхан дээгүүр амжилт үзүүлсэн гэсэн. Ахлагч нь хэн байсан юм бэ?

-Манай хүндийн өргөлтийн холбооны тэргүүн Р.Лхамсүрэн. 76 кг-ын жинд явсан Ц.Оюунчимэг маань тэмцээний анхны өдөр мөнгөн медаль хүртэж медалийн салхийг хагалсан. Надаас бусад нь гурав дөрөвдүгээр байрт орсон. Ер нь жигд амжилт гаргалаа. Би 56 кг-ийн жинд оролцож медалийнхаа тоог ахиулсан. Тэндхийн орон манайхаас зургаан цагийн зөрүүтэй юм билээ. Анх жаахан ядарсан ч удалгүй дассан.    


-Таны жинд дэлхийн тавцанд медаль хүртэж байсан ямар тамирчин байв?

-Биднийг явахад миний жинд надаас гадна хоёр тамирчин байсан. Жин нэмж хасалгүй байсаар 56 кг-ийн жинд өрсөлдөж аваргаллаа. Миний өрсөлдөгчид дэлхийд олон удаа тогтмол оролцож олон удаа түрүүлж байсан гэсэн. Нэг нь Белорусийнх. Нөгөө нь Финландынх. Европчууд энэ төрлөөр дэлхийд сайн шүү дээ. Гэсэн ч би ялсандаа сэтгэл хангалуун байна. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй ч байлаа.

-Таны нас хэд хүрч байна вэ. Энэ тэмцээнд хэдэн кг-ийг захиалсан юм бэ?

-Би 1955 оны хонь жилтэй хүн. 57-той гэсэн үг. Энэ тэмцээний хувьд огцом өргөлтөөр 70 кг, түлхэлттэй өргөлтөөр 85 кг-ыг захиалж нийлбэр дүнгээр 155 кг өргөсөн үзүүлэлтээр алтан медаль хүртлээ.

-Хүний нас ахих тусам яс хэврэгшдэг гэдэг. Та энэ спортоор хичээллээд байж болж байгаа юм уу?     

-Зүгээр ээ. Харин ч тэр тусмаа бие маань эрүүлждэг юм. Одоо миний насны хүмүүсийн үе мөч нь өвддөг, нуруугаар нь хатгуулдаг болсон байна билээ. Харин би биеийн зовиургүй хөнгөн шингэн сайхан л явж байна. Энэ чинь энэ спортын ач шүү дээ. Би 18 настайгаасаа хойш штанг өргөж байна. Хааяа бэлтгэл хийхгүй бол бие маань өвдөх байх шүү.

-Мөнгөн медаль хүртсэн тамирчин хэдэн кг-ийг өргөсөн юм бэ?  

-Тэр тамирчин миний бодож байснаас муу өргөсөн. Огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75-80 өргөсөн. Хэрвээ миний өргөснөөс давуулж өргөх юм бол надад түүнээс нь давуулж өргөх чадал байлаа. Бусад спортыг бодвол хүндийг өргөлт өрсөлдөгчөөсөө илүү тоглолт хийх бүрэн боломжтой спорт.

-Та одоо хүндийг өргөлтийн ДАШТ-ээс гурван удаа түрүүлж байсан байх аа?  

-Тийм. 2005 онд Канадад болсон дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Түүнээс хойш хэсэг завсарлаад 2010 оны ДАШТ-ээс мөнгөн медалиар энгэрээ гоёсон. Дараа жил нь хүндийг өргөлтийн гурван төрөлт буюу “Powerlifting”-ийн тэмцээнээс таван медальтай ирж байлаа. Харин өнгөрсөн жил Кипрт болсон хүндийг өргөлтийн тэмцээнээс алтан медаль авсан.

-Ер нь та ДАШТ-д хэд дэх удаагаа оролцож байна вэ?   

-Арваад удаад оролцсон. Энэ жил хүндийн өргөлтийн ДАШТ-ий 28 дахь нь боллоо.

-Шүүгчдийн үнэлгээ хэр шударга болсон бэ. Өмнө нь та Украйнд очиж байв уу?

-1979 оны ДАШТ болоход очсон. Тэр үеэс их өөр болсон байна билээ. Улс орны хөгжил, эдийн засаг нь харцангуй дэвшжээ. Тэр үед би гурван мөнгөн медалтай ирсэн. Тэмцээний зохион байгуулалт, шүүгчдийн үнэлгээ ч дүрмийнхээ дагуу сайхан болсон.

-Хүндийг өргөлтийн УАШТ-нд та хэрхэн оролцож байв?      

-Хүндийг өргөлтийн ахмадын УАШТ-д өөрийн жиндээ жил бүр түрүүлдэг байсан. 18 насандаа “Алдар” спорт хорооны тамирчин болсноосоо хойш өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ-д 10 гаруй, ахмадын УАШТ-д 30 орчим удаа түрүүлсэн. Ер нь би 1980 оноос хойш хүндийг өргөлтөөрөө тасархай тамирчин явсан юм шүү. Хорь гаруй жилийн өмнө миний тогтоосон дээд амжилтыг одоо хэр нь хэн ч эвдээгүй байна. 52 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр 125 кг өргөсөн юм. Энэ амжилт одоо хэвээрээ л байна. Дэлхийн дээд амжилтанд ч дөхсөн. Тухайн үед тийм сайн бэлтгэл хийдэг байсны хүчинд өдийд энэ дайтай яваа юм болов уу.

-Гэхдээ бэлтгэл сургуулилт хийдэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Өдөрт 3-4 цаг бэлтгэл хийдэг. Монголын хүндийг өргөлтийн холбооноос гаргасан хуваарийн дагуу спортын ордонд очиж бэлддэг. Сая бэлтгэлдээ явъя гэж хэлээд хүүхдүүддээ загнууллаа. Цаг алдалгүй бэлтгэлээ хийгээд байхыг л хүссэндээ энэ. Спортын I, II, III дугаар зэрэгтэй. Спортын мастер цол хүртлээ. Одоо өөр ямар цол зэрэг байна тэр бүхнийг нь авъя гэж бодож байна. Гавьяатыг ч юм уу.  

У.Баярсайхан

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top