Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн зунд ирэх сарын 6-12-ны өдрүүдэд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Тэмцээнтэй холбогдуулан Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гансүхтэй ярилцлаа.
-Аравдугаар сарын эхээр хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах цомын тэмцээн болно. Тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Хүндийн өргөлтийн 2012 оны Азийн аварга шалгаруулах цомын тэмцээн анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн тэмцээний шал, штанг, диск, тавиур гээд хэрэглэл материалыг 2008 оны Бээжингийн олимпийн наадмын хэрэглэл материалыг үйлдвэрлэсэн БНХАУ-ын “Ланком” компаниас авахаар боллоо. Тиймээс тэмцээний хэрэглэл материалд ямар ч асуудалгүй гэж хэлж болно.
-Тэмцээнд хэдэн орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна вэ?
-Энэ удаагийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулагдах гэж буйгаараа онцлог. Хүндийн өргөлтөөр дэлхийд тэргүүлэгч орнууд болох БНХАУ, Казахстан, БНСУ-ын туйванчид манай оронд ирнэ. Мөн Иран, Йордан, Тажикстан, Узбекистан, Киргизстан гэсэн нийт есөн орны 100 гаруй тамирчид албан ёсоор оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Гэхдээ тэмцээн эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдээд байгаа. Тиймээс энэ хугацаанд дээрх улсуудаас бусад орны тамирчид ирэх магадлал өндөр байгаа. Бидний тооцоолж байгаагаар тэмцээнд 15 орны 150 гаруй тамирчид оролцох боломжтой.
-Тэмцээнийг зохион байгуулахад хэр хэмжээний мөнгө зарцуулж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас энэ онд тэмцээн уралдаанд хангалттай мөнгө гаргасан. Лондоны олимпод ихээхэн ач холбогдол өгч, олимпийн бэлтгэл сургуулилт, тэмцээнд ихэнх мөнгө зарцуулагдсан. Засгийн газрын 2011 оны 247 дугаар тогтоолоор энэ удаагийн тэмцээнд тодорхой хэмжээний төсөв гаргасан. Зарим зүйлд бага зэргийн бэрхшээл гарч байна. Жишээ нь тэмцээнд оролцох тамирчдын байр, хоол зэрэгт санхүүжилт дутуу олгогдсон. Үүнийг ивээн тэтгэгч байгууллага, хамт олны хүчин чармайлтаар болгочих байх.
-Лондоны олимпод оролцсон тамирчид Улаанбаатарт ирэх үү?
-Бид оролцох орны тамирчдын тоог аваад байгаагаас ямар жинд хэн гэдэг тамирчин оролцох нэр албан ёсоор ирээгүй байгаа. Олимп, ДАШТ-д оролцож байсан сайн тамирчид олон ирэх магадлалтай.
-Тэмцээнийг зохион байгуулах эрхийг хэзээ авсан бэ?
-Монголын Үндэсний олимпийн хороо болон хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гурван жилийн өмнөөс тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлт тавьсан. Энэ жилийн дөрөвдүгээр сард БНСУ-д болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа Азийн хүндийн өргөлтийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, манай оронд Азийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгсөн.
-Манай улсаас тэмцээнд хэдэн тамирчин оролцох вэ?
-Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд тамирчид 40-өөд жинд өрсөлдөх юм. Монгол Улсын тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд бүтэн багаараа оролцоно. Харин залуучуудын ангилалд эрэгтэйчүүд бүх жинд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн зарим жинд тамирчид оролцохгүй.
-Тамирчдаа хэрхэн сонгосон бэ?
-Энэ жилийн Монголын бүх ард түмний XIII наадам болон өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлсэн тамирчдыг оролцуулахаар болсон юм. Афин, Бээжингийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан хүндийн өргөлтийн Монгол Улсын анхны гавьяат тамирчин Н.Баярмаа, ОУХМ Г.Отгонцэцэг, М.Анхцэцэг тэргүүтэй таван ОУХМ цолтой туйванч хүч үзнэ. Ер нь энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид олон оролцоно.
-Эх орондоо болох тус тэмцээнд ямар зорилго тавин оролцож байгаа вэ?
-Шар тивийн БНХАУ, Казахстан, БНСУ, Иран улсад хүндийн өргөлт асар өндөр түвшинд хөгжсөн. Бид эх орондоо болох цомын тэмцээнд багаараа эхний гурван байрт орох зорилготой байгаа.
-Манай тамирчдыг энэ онд ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Энэ удаагийн Азийн цомын тэмцээнээр манай тамирчдын олон улсын тэмцээн дуусч байгаа. Харин ирэх онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн аварга, ДАШТ гээд маш олон тэмцээн биднийг шил шилээ даран хүлээж байна.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )