Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ өчигдөр эхэлж манай улсын тамирчин ОУХМ Т.Мөнхтуяа 59 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медалиар энгэрээ гоёсон амжилтаараа элэг нэгтнээ баярлууллаа. Тус тэмцээн нь Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд гурван дэвжээн дээр явагдаж байгаа билээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт Канадын бөх Мишель Фаззарийг 1:0, 0:1, 3:1 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг 3:0, 0:1, 3:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Беларуссын бөх Залина Сидаковад 0:2, 0:1 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Шеофан Шилфийг 3:3, 4:2 онооны харьцаагаар ялсан юм.
Т.Мөнхтуяагийн амжилтаас дурдвал 2012 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон жилээ ОХУ-ын Красноярск хотод болсон И.Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээнээс хүрэл, “Mongolia Open-2012” олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн тэр ондоо спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
Тэрбээр 1988 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж 2007 онд Булган хотын дунд сургууль, 2011 онд “Аварга” биеийн тамирын дээд сургууль дүүргэсэн. 2008 оноос Эрдэнэт хотын “Хангарьд” клубт дасгалжуулагч Ч.Раднаабазарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн бөгөөд одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд улсын харцага Л.Бадарчийн удирдлага бэлтгэл сургуулилтаа хийж байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )