Улсын начин Э.Энхбат түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 30

Монголын үндэсний бөх Гиннесийн номд бичигдсэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.

Тус ойд зориулж Монгол “Бөхийн өргөө”-нд улс аймгийн алдар цолтой 192 бөхийн барилдаан болж, Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж шөвгөрсөн юм.

Бага шөвөгт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан Л.Лха-Очир, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэрэнтогтох, Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн арслан Н.Батсуурь нар үлдлээ.

Дашрамд дурдахад, бөхийн тоо сондгойрч байгаа тул шөвгөрсөн бөхчүүд тус бүр гурав, гурав үлдэж байгаа билээ.

Тус барилдаанд энэ жилийн улсын наадамд шинэ цол хүртсэн бөхчүүдийг зодоглох болов уу хэмээн үзэгчид горьдож байсан ч харамсалтай нь зүүн, барууны магнайд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Э.Энхбат нараас өөр ахмад цолтой бөх ирсэнгүй.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top