ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит V дахь уламжлалт чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох билээ. Тус тэмцээнд ОХУ-ын Якут улсын ерөнхийлөгч Е.А.Борисовын урилгаар МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, ёкузано Д.Дагвадорж саатах юм байна. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, олон улсын шүүгч Л.Болормаа, Б.Төмөрбаатар, дасгалжуулагч Ж.Дандар /Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирын багш/ нар орсон байна. Уг тэмцээнд 55 кг-ийн жинд спортын мастер Ж.Баярхүү (“Хасу-Мегаватт” клуб), спортын мастер Б.Номин (”Гацуурт-Олимп” сургууль), 60 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр (“Хасу-Мегаватт” клуб), 74 кг-д ОУХМ П.Өнөрбат (Хасу-Мегаватт” клуб), 84 кг-д ОУХМ М.Мэндсайхан (”Харгант-Цамхаг” клуб), 96 кг-д спортын дэд мастер Ц.Чинзориг (”Харгант-Цамхаг” клуб), 120 кг-д ОУХМ Н.Золбоо (”Хүч” спорт хороо) нар барилдах юм байна.
Тэмцээний шагналын сан 63 мянган ам.доллар. Үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд гурав, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд хоёр, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд нэг , түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид хоёр мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.
Өнгөрсөн жилийн тэмцээнд 55 кг-ийн жинд Э.Бэх-очир, 66 кг-ийн жинд Б.Анхбаяр нар алт, 55 кг-ийн жинд Д.Цогтбаатар мөнгө, 60 кг-ийн жинд Э.Ням-Очир хүрэл медаль хүртэж байжээ.
Тэмцээний хуваарь
Аравдугаар сарын 6. Бямба гариг
10.00-14.00 55, 66, 84, 120 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
16.00-17.00 Нээлтийн ёслол
17.00-20.00 55, 66, 84, 120 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан,
шагнал гардуулах ёслол
Аравдугаар сарын 7. Ням гариг
10.00-14.00 60, 74, 96 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
15.00-17.00 60, 74, 96 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах
ёслол
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )