С.Батболд оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Чөлөөт бөхийн оюутны Х ДАШТ гурван төрлөөр энэ сарын 2-6-ны өдрүүдэд Финланд улсын Куртане хотын хоёр мянган хүний суудалтай “Kuortanehalli” спортын цогцолборт болж байна. Тус тэмцээнд манай улсаас гадна Австри, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Бразиль, Гүрж, Израиль, Иран, Испани, Канад, Норвеги, ОХУ, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 25 орны бөх оролцож байна. Тэмцээний эхний өдөр 55, 60, 66, 74 кг-ийн эрэгтэй бөхчүүд зодоглосноос 55 кг-ийн жинд спортын мастер С.Батболд (ҮБТДС) хүрэл медалиар энгэрээ гоёлоо. Өнөөдөр эрэгтэй 84, 96, 120, эмэгтэй 48, 51 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болно. Үүнд манай дөрвөн бөх багтаж дэвжээнд гарах тул элэг нэгт түмнийхээ өмнөөс манай сайтын хамт олон амжилт хүсч байна.

2012 оны оюутны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн

55 кг-д           

1. К.Дондук-Оол /ОХУ/

2. Зачару Сандерс /АНУ/

3. Содномдашийн Батболд /Монгол/

3. Кью Мюде /БНХАУ/

С.Батболдын хувьд эхний тойрогт Болгарын бөх Крим Чучуровтой таарч 0:1, 5:0, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Молдавын бөх Антолий Буряныг 1:0, 2:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Зачару Сандерстэй барилдаж 5:1, 1:1, 3:0 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө Канадын бөх Стевен Такахашитэй тулж 4:0, 1:2, 3:1 онооны харьцаагаар хожсон юм. Энэ жинд 11 бөх өрсөлдсөн.

60 кг-д

1. Василь Шуптар /Украин/

2. Антони Массуда /Франц/

3. Минор Ресеп Актас /Турк/

3. Стефан Иванов /Болгар/

11. Баатархүүгийн Өсөхбаяр /Монгол/

Спортын мастер Б.Өсөхбаяр /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт Туркийн бөх Минор Ресеп Актастай барилдаж 0:7, 0:3 онооны харьцаагаар ялагдсан. Тус жинд 12 бөх өрсөлдсөн.

66 кг-д           

1. Мустафа Кайя /Турк/

2. Сёмен Радулов /Украин/

3. Илья Абелов /Канад/

3. Владимир Готисан /Молдав/

9. Батчулууны Батмагнай /Монгол/

Спортын мастер Б.Батмагнай /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт Унгарын бөх Габор Фаркаштай барилдаж 0:1, 1:1 онооны харьцаагаар өвдөг шороодов. Энэ жинд 13 бөх өрсөлдсөн.

74 кг-д

1. Реза Афзалинаемами /Иран/

2. Кохей Китамура /Япон/

3. Колтон Спонселлер /АНУ/

3. Камал Маликов /ОХУ/ Энэ жинд 16 бөх барилдсан.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top