Яамнаас жижиг тэмцээнд оролцсон тамирчдыг медалиар урамшуулахгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Наранбаатар, Спортын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин тэргүүтэй хамт олон өнөөдөр Спортын хороо, холбоо, их, бага спортын сургуулийн төлөөллүүдтэй уулзлаа. Спортын төв ордонд болсон тус уулзалтад тэд “Шинэ Засгийн газар байгуулагдсан өнөө үед шинэ спортын менежмент, зохион байгуулалттайгаар ажиллахгүй бол хэдийгээр тамирчид амжилт үзүүлж байгаа ч яваандаа урсгалаар үйл ажиллагаа хэрэгжсээр байх болно. Үүнд хэн хэн нь санал бодлоо солилцож хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн агуулга дор ярилцлаа.

Түүнчлэн тамирчдын тэтгэлэг, медаль, цол, зэргийг хэрхэн өгөх талаар зөвлөлдсөн юм. Яамнаас гаргаж байгаа санаачлага нь “Тухайн тамирчин ямар амжилт үзүүлж байна, түүнийх нь хэрээр шагнана. Өндөр настай болсныхоо дараа “Спортоор олон жил хичээллэснийх ядаж спортын мастер цол авъя” гэсэн яриа олон гардаг. Хороодынх нь дарга нар ч тэр яриаг нь дэмжиж эрх баригч хүмүүсийнх нь ар, өврөөр гүйдэг. Үүнийг таслан зогсооно. Шууд хэлэхэд хэн нэгэн тухайн үедээ амжилт гаргаагүй бол нөхөж олгохгүй” гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн “Медалийн нэр хүнд унаж байна. Аль ч спортын хороо, холбоо улсын аваргаас доош тэмцээнд медаль олгохгүй байя. Ахмад тамирчид ч үүнд их эмзэглэж байна” хэмээсэн. Үүнд төлөөллүүд “Зөв” гэсэн хариу өгсөн. Гэхдээ яамнаас хороо, холбоодод “Жилд нэр хүндтэй гурван тэмцээнд медаль гардуулах эрх өгчих. Хэн нэгний нэрэмжит тэмцээн, сургууль, хорооны ойн арга хэмжээний тэмцээнд урамшуулахгүй” гэв.   

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top