Монголын дартсын холбооны чансаа олгох “МОНГОЛ ЛИГ”-ийн 10-р сарын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр “КА ресторан”-д шилдэг 24 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчдын авхаалж самбаа, хурц хараа, хурд хүчийг шалган амжилттай зохион байгуулагдлаа. Чансаа олгох Лигийн тэмцээнийг 10-р сараас эхлэн Хүрээ компани дэмжин ажиллах болсон юм.
Тэмцээнийг МДХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэмбилэг нээж үг хэллээ.
Энэхүү тэмцээнд өмнөх тэмцээнүүдийн 13 аварга оролцсоноос гадна Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгаас тамирчид хүрэлцэн ирж тоглосноороо тэмцээнийг илүү сонирхолтой болгосон юм.
Чансаа олгох лигийн тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд МДХ-ны 2011 оны Улсын аваргын 3-р байр, 2012 оны 3-р сарын лигийн аварга Багануур дүүргийн тамирчин Х.Сайнбаяр амжилттай оролцож Тэргүүн байрыг эзлэн лигийн хошой аварга болсон бол тамирчин Б.Биндэрьяа дэд байрыг эзэлж, МДХ-ны 2011 оны Улсын аваргын 2-р байр, МДХ-ны хамгийн бага (12) сумаар гарсан амжилтын эзэн Х.Одхүү гутгаар байрт тус тус орлоо.
Чансаа олгох лигийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд МДХ-ны 2011 оны Улсын аваргын 2-р байр, өмнөх лигийн тэмцээнүүдийн 7 удаагийн аварга Ц.Баатар 8 дахь удаагаа түрүүлэн өөрийн аварга цолоо хамгаалж, Дархан-Уул аймгаас ирж анх удаагаа оролцсон тамирчин Д.Эрдэнэчимэг дэд аварга боллоо.
Тэмцээний дундуур тамирчдын ур чадварыг шалгасан “BULLS EYE” тэмцээн 16 шилдэг тоглогчын дунд анх удаагаа зохион байгуулагдахад МДХ-ны 2011 оны эрэгтэйчүүдийн Улсын аварга Ц.Баатархуяг түрүүлэв.
Чансаа олгох “МОНГОЛ ЛИГ”-ийн 11-р сарын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “КА ресторан”-д болно. Мөн 10-р сарын лигийн аварга шалгаруулах тэмцээнээс “Боргио цом”-ын төлөө тоглох эрх авсан эрэгтэй 16, эмэгтэй 4 тамирчны тулаан 2012 оны 10 сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )