МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улс, үндэсний холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Олон улсын хүндийг өргөлтийн холбоо, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд Ерөнхийлөгч Ёдбантое Интарат (Тайланд), Йемений хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Ал Жармал Абдулла, Хятадын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чиан Гуанжиан, Кыргызстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Омуржан Молдодосов, Узбекстаны Хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Данил нар хүрэлцэн ирсэн байв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн “Олимпийн төрлийн энэхүү спортыг Монгол оронд хөгжүүлэхэд та бүхний оруулж буй хувь нэмэрт баярлалаа. Цаашдаа Монгол оронд олон улс, бүсийн чанартай олон тэмцээнийг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Харин Олон улс, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд Ерөнхийлөгч Ёдбантое Интарат “Танай улс биднийг байх хугацаанд цаг агаарын хувьд сэрүүн байсан ч, та бүхний зочломтгой зан их дулаахан санагдлаа. Сайхан тэмцээн зохион байгуулсанд баярлалаа. Монголын тамирчид ирэх жилүүдэд илүү амжилт үзүүлэх боломжтой нь энэхүү тэмцээнээс харагдлаа. Амжилт хүсье” гэв. Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн дээрх зочдод Монгол оронд олимпийн төрлийн спорт, хүндийг өргөлтийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Олимпийн Алдар” одонгоор шагналаа.
Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд 10 орны 150 гаруй тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн төрөлд, эрэгтэй найм, эмэгтэй долоон жингийн ангилалд хүч үзсэн юм.
У.Баяр
Сэтгэгдэл ( 0 )