Тайландын Нахон Патхом, Ратчабури хотод болсон волейболын залуучуудын (20 хүртлэх насны) эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг 14 дүгээр байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Г.Баярсайхан, О.Наранбаатар нарын удирдлага дор О.Халиунаа, Г.Энхнаран, Д.Эрдэнэбулган, А.Баярсайхан, Б.Дэлгэр-Уянга, Г.Гандолгор, Б.Энхзаяа, Д.Сосорбурам, А.Батцэцэг (чөлөөт тоглогч), Г.Айнагули, С.Пүрэвжаргал, Б.Ууганчимэг гэсэн 12 тоглогч өрсөлдсөн юм.
Манайхан эхний шатанд “В” хэсэгт хуваарилагдаж, тэмцээний нээлтийн тоглолтыг Нахон Патхом хотод БНХАУ-ын хүчирхэг багийн эсрэг хийсэн. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн 1980 оноос хойш хоёр жил тутамд (1982 оны эс тооцвол) зохион байгуулагдсаар иржээ. Манай өмнөд хөршийн залуус өмнөх 15 тэмцээний нэгээс бусдад нь оролцохдоо (1980 онд БНСУ-д болсон анхны тэмцээнийг өнжсөн) есөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт 14 медаль хүртсэн арвин гуншинтай. Тэдэнтэй хийсэн тоглолт 54 минут үргэлжилж, Монголын баг 0:3-аар (9:25, 10:25, 7:25) ялагдсан. Энэхүү тоглолтод Г.Энхнаран зургаан оноо авч, багаа тэргүүлсэн юм.
Монголын шигшээ удаах хоёр тоглолтод Энэтхэг (7:25, 26:24, 5:25, 21:25), Вьетнам (25:20, 20:25, 14:25, 11:25)-д тус бүр 1:3-аар дийлдсэн. Энэхүү хоёр тоглолтод Д.Эрдэнэбулган хамгийн шилдэг тоглолт үзүүлж, 14, 15 оноо авчээ. Хэсгийн нөгөө тоглолтуудад БНХАУ Энэтхэг, Вьетнамыг, Энэтхэг Вьетнамыг тус бүр 3:0-ээр ялсан. Эцсийн дүнд нэг, хоёрдугаар байраар БНХАУ, Энэтхэг шалгарч, медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан бол гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн Вьетнам, Монгол зөвхөн 9-16 дугаар байрын тоглох болсон юм.
Монголын шигшээ баг хоёрдугаар шатны “Н” хэсэгт Вьетнам, Австрали, Туркменистантай хуваарилагдсан. Эхний шатанд Вьетнамд 1:3-аар хожигдсон үр дүн хадгалагдсан. Тиймээс нөгөө хоёртой нь өрсөлдсөн юм. Шийдвэрлэх тоглолтод Австралид 1:3 (25:23, 14:25, 17:25, 19:25)-аар хожигдсоноор 9-12 биш 13-16 дугаар байрын төлөө өрсөлдөх нь тодорхой болсон. “Ногоон тив”-ийнхний эсрэг хийсэн тоглолтод Д.Эрдэнэбулган шилдэг нь байж, багтаа 17 оноо авчирчээ. Гэсэн ч монголчууд хоёрдугаар шатны хэсгийн сүүлчийн учраа Туркменистаныг 3:0 (25:11, 25:22, 25:14)-ээр хожиж, анхныхаа оноог авсан юм. Энэ тоглолтод Д.Эрдэнэбулган 44 довтолгооныхоо 15-ыг нь оновчтой болгож, багаа ээлжит удаагаа тэргүүлжээ.
Монголын шигшээ баг хэсэгтээ гуравдугаар эзэлснээр 14 дүгээр байрын төлөөх тоглолтод Кувейттэй тулав. Сулхан өрсөлдөгчөө 3:0 (25:6, 25:2, 25:7)-ээр буулган авахад Г.Гандолгор 15 оноо авсан. Харин 13 дугаар байрын төлөөх тоглолтод Шри-Ланкад 1:3 (20:25, 19:25, 25:16, 24:26)-аар ялагдсан. Энэ тоглолтод Д.Эрдэнэбулган 15 оноо авсан байна. Хэдийгээр монголчууд сүүлээсээ гуравдугаар байр эзэлсэн ч энэхүү тэмцээнд анх удаа оролцохдоо хоёр ялалт байгуулсныг нь тэмдэглэх нь зүйтэй.
У.Баяр
Сэтгэгдэл ( 0 )