МҮБХ-ноос “Дөрвөн уулын хишиг” барилдааныг тэгш тоотой саруудад зохион байгуулдаг билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж Баянзүрх хайрханы барилдаан энэ сарын 14-нд Монгол “Бөхийн өргөө”-нд болох гэж байна. Монгол бөхийн түүхэн дэх уул тайлгын буюу арван засгийн наадмыг энэ цуврал барилдаантай дүйцүүлэх болсон. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодог.
2007 онд анх дээрх уулын хишиг барилдаан болоход улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол 2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байв. Харин 2009 онд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн. Дараа жил нь улсын начин Ду.Батбаяр түрүүлж, улсын начин Н.Батзаяа үзүүрлэсэн байдаг. Тэгвэл 2011 онд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн амжилттай бол энэ онд хэний аавын хүү түрүү, үзүүрт тунахыг барилдааныг товлосон өдөр харах боломжтой болоод байна.
Дашрамд сонирхуулахад, уг барилдааны үеэр үзэгчдээс дөрвөн азтан шалгаруулах бөгөөд хоёр нь 500 мянга, хоёр нь 50 мянган төгрөгийн эзэн болно.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )