Г.Жамц: Сүүлийн үед залуус таргалах, жин хасах зорилгоор бодибилдингээр хичээллэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Бодибилдингийн клубт хичээллэж буй залуусын тоо сүүлийн үед олширч байгаа. Тиймээс үүнтэй холбогдуулж “Perfect” боди клубыг үүсгэн байгуулагч “Mustang Centerклубын тамирчин, спортын мастер Г.Жамцтай ярилцаа.

-Энэ спортоор хичээллэж байгаа залуус олширсон нь танд мэдээж сайхан санагдаж байгаа байх даа?

-Мэргэжил нэгтнүүд нэмэгдэж байгаа болохоор тэгэлгүй яахав.

-Танай клуб хэзээ байгуулагдсан бэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. “Mustang” бодибилдинг клуб 1998 оноос хойш байгуулагдсан. Манай “Perfect” боди клуб энэ байгууллагын салбар нь. Салбар байгуулсан гол шалтгаан нь “Mustang” клубт мэргэжлийн тамирчид бэлтгэл хийдэг болсон тул анхлан суралцагчид болон хөнгөн бэлтгэл хийдэг тамирчид энд хичээллэх болсон. Энэ клубыг би нэг найзтайгаа хамт удирддаг. Өмнө нь “Mustang” клуб байсан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор үйлчлүүлэгчид ч андахгүй.

-Та найзтайгаа хамт энэ клубынхээ үйл ажиллагааг явуулдаг гэлээ. Хэн гэдэг хүн байдаг юм бэ?

-“Mustang” клубын тамирчин, спортын мастер Г.Ганбаатар гэж бодибилдингийн тогоонд олон жил чанагдаж байгаа тамирчин залуу бий. Бид олон жил хамтдаа энэ спортоор хичээллэсэн болохоор хамтран ажиллах сайхан байдаг.


-Танай клубын зорилго...?

-Хамгийн түрүүнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх. Мөн хүүхэд залуусын бие бялдар, сэтгэл санааг нь тайван байлгахад оршиж байгаа. Сэтгэл санааг тайван байлгадаг гэхээр зарим хүн биеийн хүчний дасгал хэрнээ яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж гайхдаг. Энэ спортоор хичээллэхэд хүний сэтгэлзүй тайвширдаг юм. Тэгээд ч хорт зуршлаас татгалзаж чаддаг.

-Хэчнээн залуус хичээллэж байна вэ?

-80 гаруй.

-Бага насны хүүхэд тэдэн кг гантиль өргөх ёстой гэсэн заавар байдаг уу?

-Тухайн хүний бие организмаас шалтгаалж бэлтгэл хийлгэдэг. Бага насны хүүхдийг ихэвчлэн хүнд гантиль өргүүлдэггүй. Зөвхөн биеийн хөдөлгөөнд нь хандсан гүйлгэх дасгал хийлгэдэг.

-Жишээ нь 60 кг-тай залуу хэдэн кг гантиль өргөх ёстой вэ?

-Ерөнхий дасгалаа эхлээд зөв сураад эхэлчихвэл графикаар өдрөөс өдөрт тухайн гантилийнх нь жинг нэмэгдүүлдэг.  

-Хичээллэгсдийн зорилго юунд байна вэ?

-Ихэвчлэн таргалах, турах зорилгоор хичээллэдэг. Офиссын ажилтай хүмүүс хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлж байна. Зарим нь ч ирээдүйн мистер болохын тулд.   


-Танай клубт олон янзын үйлчилгээтэй уураг байна. Эдгээрийг тайлбарлаач...?

-Уургийг хүмүүс нэмэлт хооллолтын журмаар хэрэглэдэг. Тодруулбал биеийн болон  булчингийн масс нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Дотроо ч олон үйлчилгээгээр хуваагддаг.

-Аль улсаас оруулж ирж байна вэ?

-АНУ, Солонгос, БНХАУ, Япон зэрэг улсаас. Хэрэглэгчид ч нэмэгдэж байна.

-Зарим хүн уургийг хэрэглэх үед л үйлчилгээгээ өгдөг. Хэрэглэхээ болихоор бие, булчингийн масс буурдаг гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Өрөөсгөл ойлголт. Тийм зүйл байхгүй. Хамгийн гол нь зааврынх нь дагуу хэдэн сар тогтмол уучихвал хэдэн кг нэмэгдүүлсэн байна тэр хэвэндээ барина.    

-Та өмнө нь ямар амжилт үзүүлж байв?

-2002 оноос эхэлж энэ спортоор тууштай хичээллэсэн. Оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байхад 2002, 2003, 2005 оны аварга бусад тэмцээнээс шагналт байр эзэлж байсан. Мөн хуучнаар “Ирээдүйн мистер” буюу одоогоор нийслэлийн захирагчийн нэрэмжит хотын аварга шалгаруулах тэмцээнд ажилттай оролцож байсан. УАШТ-ээс ч нэлээд медаль хүртсэн.

-Оюутан байхдаа хэдэн кг-д өрсөлдөж байв?

-65-70. Одоо ч мөн адил. Бодибилдингээс гадна паурлифтингийн тэмцээнд оролцдог.

- Өнгөрсөн жил таныг УАШТ-нд түрүүлж байсныг санаж байна. Энэ жилийнх энэ сарын 27-нд Дархан-Уул аймагт болно. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Манай клубээс зургаан тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. Өнгөрсөн жил би 65 кг-д оролцож байсан бол энэ жил 70 кг-д өрсөлдөнө. Жин өгсч орж байгаа болохоор өрсөлдөгчдөө ямар тамирчид байгааг мэдэхгүй юм. Гэхдээ бэлтгэл сайн байгаа. Өнгөрсөн сарын 18-23-ны хооронд Хятадын Гуанжу хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход би классик бодибилдингийн төрөлд оролцсон. Тиймээс байнгын бэлтгэлтэй гэж хэлж болно.

-Азийн аваргад манай улсаас хэдэн тамирчин оролцсон бэ?

-Зургаан тамирчин. Биднээс Монголын мистер Л.Баянхүү, эмэгтэйчүүдийн төрөлд Т.Солонго нар хүрэл медаль хүртсэн. Мистер Ж.Нурлан ах финальд шалгарсан. Энэ дашрамд Монголын бодибилдинг, фитнессийн холбоо болон хамт явсан тамирчдадаа сайхан яваад ирсэн шүү. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсч байгаагаа дамжуулъя.  

-Таны нэг өдрийн бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ?

-Ойрын тэмцээнтэй үед өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийдэг. Манай клуб 07:00-22:00 цаг хүртэл нээлттэй байдаг болохоор үйлчлүүлэгчид маань хүссэн үедээ ирж бэлтгэлээ хийх боломжтой.

-Тамирчдад санхүү чухал байдаг. Та энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Энэ спортын төрлөөр хичээллэхэд бэлтгэлийн хэрэгсэл, хоол, замын зардал зэргээс шалтгаалж санхүү их шаардагддаг. Бидний энэ асуудлыг “Mustang” клубын багш, ОУХМ Ч.Баясгалан ах шийдэж өгдөг. Мөн “Гео мандал” группын хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Ч.Баясгалангийн хувьд өмнө нь 335 кг өргөж улсынхаа тамирчдын рекордыг эвдсэн. Сүүлд өөрийнхөө рекордыг эвдсэн байх аа?

-Тийм. Паурлифтингийн төрлөөр хичээллэдэг. Багшийн рекордыг одоо хэн ч эвдээгүй байгаа. Өнгөрсөн жил шинэ Зеландад болсон далайн орны тамирчдын дунд зохион байгуулагдсан тэмцээнд түрүүлсэн.    

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top