МҮОХ-ны урилгаар Өвөрмонголын өөртөө засах орны Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд манай улсад албан ёсны айлчлалаа өнөөдөр хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны БТСХ-ны орлогч дарга Ли Жы-Юү, Бэлтгэлийн төвийг удирдах газрын дарга Вэнь Зян, Хөнгөн атлетик, жүдо, ушугийн төвийн захирал Люй Фү, орлогч захирал Д.Насан нар багтсан байв. Манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Ж.Отгонцагаан нар байлцсан юм. Д.Загдсүрэн ерөнхийлөгч “Лондон 2012 олимпийн наадамд манай баг таван медаль хүртсэн. Энэ амжилтанд хүрэхэд Өвөр Монголын спорт хорооны оруулсан хувь нэмэр их бий. Өнгөрсөн хугацаанд манай улсаас чөлөөт, жүдо бөх, боксын төрлөөр олон тамирчид танай оронд очиж, хамтарсан бэлтгэл хийсэн. Мөн танай тамирчид манай улсад ирж, бэлтгэл хийхийн сацуу тэмцээн уралдаанд тогтмол орж байсан. Ирэх жил Хятадын бүх ард түмний спартакиад болно. Энэ наадамд Өвөр Монголын баг амжилттай оролцоход нь бид чадлаараа туслана” хэмээлээ. Харин ӨМӨЗО-ны БТСХ-ны орлогч дарга Ли Жы-Юү “Биднийг хүлээн авч уулзаж байгаад их баяртай байна. Мөн олимпийн наадамд таван медаль хүртсэнд баяр хүргэе. Монгол улс дээр дурдсан гурван төрөл, хүчний спортын төрлөөр дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Бид хэдийгээр заал танхим, дэд бүтцийн хувьд санаа зовох зүйлгүй болсон ч сургалт дасгалжуулалтын талд та бүхнээс сурах зүйл маш их байна. Хятадын спартакиадын хувьд бид өмнөх спартакиадад долоон алтан медаль авсан, энэ амжилтаа ахиулах зорилготой байгаа” гэв. ӨМӨЗО-ны төлөөлөгчид манай оронд гурав хоног айлчлах бөгөөд энэ хугацаанд Монголын жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн холбооны удирдлагууд болон Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатартай албан уулзалт хийнэ. МҮОХ, ӨМӨЗО-ны БТСХ-ны хамтын ажиллагаа 1990 оноос эхэлж байжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )