Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадамд ес даван түрүүлж аймгийн арслангаас улсын арслан хэмээх нэр хүндтэй цолонд хүрсэн Увс аймгийн Давст сумын харъяат Пүрэвийн Бүрэнтөгсийн цолны найр өчигдөр нижгэр боллоо. Тус найранд дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага А.Бямбажав, Ө.Бат-Орших, Э.Батбаатар, улсын начин Д.Насандэлгэр тэргүүтнүүд хүрэлцэн ирсэн байв. Харин улс төрчдөөс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Лу.Гантөмөр, Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар байлаа. Найр 18:00 цагт “Чингисийн өргөө” цогцолборт эхэлсэн ч зочдын хөл нэг хэсэгтээ л тасарсангүй. Ихэвчлэн хар өнгийн жип хөлөглөсөн ханхар залуус харагдана. Зочдын хамгийн түрүүнд найрын эзэн, цэнхэр өнгийн дээлээр гоёсоор аав Ц.Пүрэв, ээж Д.Мөрөн, эхнэр хүүхдийн хамт ирсэн бол дараахан нь Х.Баянмөнх аварга “Увс нуур” дэвжээнийхээ бөхчүүдтэй саатсан юм. Аварга хүн цаанаа л нэг өөр. Арваад жип хөлөглөсөн бөхчүүдээ дагуулан хамгийн түрүүнд ирсэн нь сүртэй гэж жигтэйхэн. Бүгд хар өнгийн машин унасан байсан нь сүрийг улам бадруулна. Хаана ч явсан эрэмбээрээ гэдэг энэ л байх гэсэн бодол тэрхэн агшинд бодогдож байснаа нуух юун.
Увс аймгийнхан Увс нуураа ихэд хүндэлж, дээлдэг. Тиймдээ ч П.Бүрэнтөгс нуурынхаа өнгөтэй хослуулж дээлнийхээ өнгийг сонгосон байж болох. Нэг л мэдэхэд тус рестораны өмнөх машины зогсоол дүүрлээ. Машин цөөн байхад жолооч нар машинаа жаахан замбараагүй зогсоосон болохоор олшрох үед нь нэлээд ажил болсон нь харагдаж байв. Ямар сайндаа А.Бямбажав харцага өөрийн хүсэлтээр тэдгээр машины жолоочтой “Тэр зай руу ороод зогсчих, жаахан урагшил, араар чинь машин гарах зайгүй болох нь” хэмээн хэсэг зуур замын цагдаагаас дутахааргүй ажиллалаа. Энэ үеэр гавьяат жүжигчин С.Жавхлангаас эхлээд тус нутгийн уран бүтээлчид цуварсаар байв. Ингээд цаг хэртэй болоход гадаах ажил дуусч найр эхэлсэн юм.
Шагналын хурыг дөрөвдүгээр цахилгаан станцынхан эхлүүлэв
Хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гүрбазар мөн л цэнхэр дээлээр гоёсон гарч ирэв. Тэрбээр өөрийн зохиосон “Есөн давааны бөх” нэртэй шүлгээ
...Еэвэн хээтэй зодгоо зуйван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ...
хэмээн хурсан олны сэтгэлийг огштол уншив. Түүний дараа ардын урлагийн бүжигчид уян налархай хөдөлгөөнөөрөө үзэгчдийн сэтгэлийг нэлээд хөгжөөгөөд авав. П.Бүрэнтөгсийг манайхан “ДЦС-4” ТӨХК-ийн бөх гэдгийг мэднэ. Тиймээс тус байгууллагын хамт олон тэрхүү найрын хүндэт суудалд морилох нь мэдээж. Найрын шагналын буухиаг ч хагалсан. Шагналдаа тэд ганболд төмрийг хайлуулж хийсэн тулга бэлэглэж Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням аваргуудаар анхны галыг нь бадруулж баяр хүргэсэн. Тулга гардуулсны учир нь П.Бүрэнтөгсийг тэрхүү цоргих гал шиг улам бадарч, их амжилтыг уухайлж байхыг бэлгэдсэн хэрэг. Мөн хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан. Түүний дараа нутгийн зөвлөл болон аваргуудын гарын бэлэг, дунд сургуулийн ангийн хамт олон, “Увс нуур” дэвжээний бөхчүүдээс гээд хөл толгой нь мэдэгдэхгүй шагналын цуваа үргэлжилсэн.
Шагналын цуваа дуучдад боломж олгосонгүй
Хэн нэгний цолны найр, хурим болоход хүмүүс “Хэн юу өгөх нь вэ” хэмээн сониучирхан хардаг нь бичигдээгүй хууль мэт болсон. П.Бүрэнтөгсийн найранд олон зочин гарын бэлгээ гардуулсан. Дуучдаа ч дуулуулахгүй, тайзан дээр өөрөө өөрсдийгөө зарлаж байгаад л гардуулж байв.
Аваргуудын хувьд мөнгө гэхээс илүү дурсгал болохуйц хөрөг, эрийн хийморь тэтгэж явдаг дөрвөн бэрх, очиртой жаазалсан сувинер бэлэглэсэн. Харин нутгийн зөвлөлийн Улаанбаатар дахь төлөөлөгчид нь ес даван түрүүлсэн болохоор есөн сая төгрөг гардуулсан бол аймгийн нутгийн зөвлөлөөс нь хоёр өрөө байр өгөхөө амласан юм. Тэгвэл “Увс нуур” дэвжээний бөхчүүдээс нь А4-ийн бичгийн цаасан дээр тус бүр өөрсдийн нэрээ мөнгөн дүнгийн хамт бичиж бөөнд нь дугтуйнд хийж гардуулсан. Мөнгөн дүн нь 200 мянгаас дээш байгаа харагдсан шүү. Хувиасаа мөнгө гардуулж байгаа хүн ч олон байсан, гэвч чухам хэдийг өгч байгаагаа зарлаагүй.
Зочдын тоо хэтрэв
П.Бүрэнтөгс хамгийн ойр дотны хүмүүсээ цуглуулаад 610 хүргэжээ. Гэвч олон хүн байнга хүлээж авдаг тус рестораны хамт олон юмыг яаж мэдэх вэ гээд 50 хүний ширээ нэмж зассан аж.
Гэтэл өнөөх нэмэгдэл ширээ нь ч зочдоор дүүрч дахин 40 хүний ширээ захиалсан. Тэглээ ч төрийн наадамд түрүүлсэн бөхийн хишгийг хүртэх гэсэн зочид цуварсаар суух газар хаана ч олдсонгүй. Тус рестораны зохион байгуулагч нь “Бид тэдний өгсөн зочдын тоогоор ширээгээ зассан. Тэгсэн ч хүн нэмэгдээд байх юм. Тооцоо нь аль хэдийнээ хэтэрсэн” хэмээн ярьж явна билээ.
А.Сүхбат зочдын хүсэлтээс залхав уу
Зочид нутгийнхаа алдар цуутай бөхчүүдтэй зургаа татуулж баярт мөчөө зузаалж байв. Гэхдээ нэг л бөх дутаж байсан нь улсын гарьд Б.Гантогтох. Түүнийг зарим хүн Б.Ганбат арслангаас асууж байгаа харагдсан. Ааваас нь урьтаж асуусны гол шалтгаан нь тэднийг үй зайгүй найзууд болохоор тэр. Б.Ганбат “Ганаа гадаад руу хувийн ажлаар явсан. Ирж амжсангүй гэхдээ баярын сэтгэлээ надаар дамжуулж П.Бүрэнтөгст хэлүүлсэн” гэв. Олон зочин бөхчүүдтэй зургаа авахуулснаас хамгийн эрэлттэй нь А.Сүхбат аварга байлаа.
Тэрбээр П.Бүрэнтөгст анх “Олимп” биеийн тамирын дээд сургуульд орж байхад нь бусад оюутантайгаа татуулсан зургийг нь дурсгал болгож гардуулчихаад гарч одсон. Түүнийг хаана ч явсан энд тэндээс нь татаж чангаан хамт зургаа татуулах хүсэлт тавьсан зочдоос залхаж ийнхүү яаран гарсан ч байж болох.
П.Бүрэнтөгсийн аав Ц.Пүрэв: Ах нь бүр баярлаад
юм ч ярьж чадахгүй нь
Миний хүүгийн амжилт багш, дасгалжуулагчид, Монголын Бөхийн холбоо, найзуудтай нь салшгүй холбоотой. Би түүнд “Улсын том цол авсан хүн түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж явах учиртай шүү” гэж захидаг болсон. Багш нар нь ч надаас илүү хэлдэг нь мэдээж. Спорт гэдэг хатуу. Тэр хатуу давааг давах гэж яваа хүүдээ улам их амжилт хүсье. Ах нь бүр баярлаад юм ч ярьж чадахгүй нь.
Дархан аварга Х.Баянмөнх: П.Бүрэнтөгс ирээдүйн аварга болно
Төрийн их баяр наадамд түрүүлж арслан цол хүртсэн шавийнхаа цолны мялаалгыг түүнд сүүн сэтгэлээр ханддаг бид бүхэн хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. П.Бүрэнтөгсийн тухай би хоёр онцлогтой зүйл яримаар байна. Нэгд, түүнийг энэ жилийн наадамд түрүүлнэ гэж хэн ч таагаагүй. Тэр түрүүлснээрээ баяр наадмыг цог жавхаатай болгосон. Цаашдын наадмыг ч үзэгчдэд сонирхолтой болох суурийг тавилаа. Нөгөө онцлог нь улсын таван цолыг нэг өдөр авсан. Аймгийн цолтой бөх улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тиймээс ард түмний болон Увс нутгийн зон олны сэтгэлийн сайхан баяр болсон. Би түүнийг ирээдүйд улсын аварга болно гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн гурван жил манай нутгийн хүүхдүүд улсын наадмыг түрүүг авлаа. Ирэх жилийн наадмыг ч авна. Тэр ч бүү хэл үзүүр түрүүг улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс нар хүртэнэ.
“Түмэн бөхийн хувь заяа, босоо цагаан хийморь ивээх болтугай” хэмээгээд 6002 бөхийн барилдааны үеэр авахуулсан хөргийг нь дурсгав.
Даян аварга А.Сүхбат: Хурдан хүлгийн гарааг зөв эргүүлсэн шиг
би түүний бэлтгэлийг зөв эхлүүлсэн
2007 онд Ц.Нямдорж сайд П.Бүрэнтөгсийг надад дагуулан ирж “Энэ хүү бөх болох нь уу” гэж асууж билээ. Би ч дуртай нь аргагүй өөрийн “Олимп” биеийн тамирын дээд сургуульдаа авч бэлтгэлийг нь хийлгэсэн. Аль нэг хурдан хүлгийн гарааг зөв эргүүлвэл айрагддаг. Түүнтэй адил би шинэ арслангийн бэлтгэлийг зөв эхлүүлсэн гэж боддог. “Олимп” сургуулийн үйлчлэгч, тогооч, хамгаалагчаас эхлээд оюутан, багш нар надаар дамжуулж “Түүнд баяр хүргээрэй” гэсэн. Би дөнгөж сая дамжуулаад сууж байна. Манайхан тун удахгүй сургуульдаа хүлээн авч бяцхан баяр тэмдэглэнэ гэсэн. Үүнийг ч хэлсэн. Мөн багшийнхаа (өөрийгөө хэлэв) амжилтыг эвдсэн улсын дархан аварга, О.Балжинням аваргын амжилтыг эвдсэн дэлхийн аварга болохыг хүссэн. Тэр чадна аа.
Улсын аварга О.Балжинням: Түүнд улам их амжилт гаргах цаг байна
Өнөөдөр их сайхан өдөр байна. Эрийн хийморь сэргээсэн морь өдрийг сонгож тэр энэ найраа тэмдэглэж байгаа юм билээ. Төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүүлсэн П.Бүрэнтөгс шавьдаа улам их амжилт хүсье. Аав, ээжээсээ өвлөсөн сайхан бие бялдар, тууштай хөдөлмөрийнхөө дүнд энэ амжилтыг үзүүллээ. Ер нь дархан аваргууд түүний насанд байхдаа энэ цолыг хүртэж байсан. Тэгэхээр түүнд улам их амжилт гаргах цаг байна.
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр: Тэр даруухан
харагддаг ч том зорилготой хүн
П.Бүрэнтөгсдөө шинэ цолныхоо мялаалгыг хийж байгаад нь баяр хүргэе. Тамирчин хүн цол авахын тулд хөдөлмөрлөх хэцүү ч тэвчээр, хатуужил заан зорьсондоо хүрэх сайхан байдаг. Тиймээс би өнөөдөр түүний баярын сэтгэлийг ойлгож байна. Тэр наанаа даруухан харагддаг ч зорилго нь маш том. Зорилго том байж амжилт ахидаг. Тиймээс түүнийг улам их амжилт үзүүлж ард түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд дүүдээ спортын өндөр амжилт хүсье.
Сурвалжилсан: У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 6 )