БНХАУ-ын Тянжин хотод Зүүн Азийн наадмын зөвлөлийн 29 дэх удаагийн хурал өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Зүүн Азийн бүсд хамрагддаг есөн улсын төлөөлөл болон “Тянжин-2013” Зүүн Азийн VI наадамд урилгаар оролцох улсуудын төлөөлөл уг хуралд оролцсон юм. Хурлын үеэр Зүүн Азийн наадмын зөвлөлийн дүрэм, Спорт, эмнэлгийн хорооны тайланг танилцуулж, тэмцээнийг зохион байгуулах хорооны чухал шаардлагатай бичиг баримтуудыг хэлэлцжээ.
Зүүн Азийн наадам нь 1993 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны наадам 1993 онд БНХАУ-ын Шанхайд болсноос хойш Бусан (БНСУ, 1997), Осака (Япон, 2001), Макао (2005), Хонконг (2009) хотууд зохион байгуулсан юм.
Зүүн Азийн бүсд БНХАУ, Тайвань, Гуам, Хонгконг, Япон, Макао, Монгол, БНАСАУ, БНСУ багтдаг юм. Зүүн Азийн VI наадам БНХАУ-ын Тянжин хотод 2013 оны 10-р сарын 6-15-нд болох бөгөөд тамирчид спортын 24 төрлөөр, 289 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас энэхүү хуралд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Зүүн Азийн наадмын спортын эмнэлгийн комиссийн гишүүн Ч.Насанбат, Спортын комиссийн гишүүн П.Тунгалаг, МҮОХ-ны Захиргааны албаны дарга Б.Наранцэцэг, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа нар оролцлоо.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )