АНУ-ын шилдэг хоккейчин Майк Моданог АНУ-ын хоккейн “Алдрын танхим”-д багтаалаа. Үзүүлсэн амжилт, бусдад үлгэр дууриалал болсон тоглогч, дасгалжуулагч, баг, албаны хүмүүс багтдаг “Алдрын танхим” нь 1973 оноос эхтэй бөгөөд одоогоор 98 тоглогч, 26 дасгалжуулагч, 26 баг болон албаны хүмүүс багтаад байгаа аж. Харин тус улсын хоккейн холбоо сүүлийн 20 жилийн NHL-ийн шилдэг тоглогч, “Даллас Старз”-ын амьд домог Майк Моданог элсүүлжээ. Өдгөө 42 настай тэрбээр 1989 оны драфтаар “Даллас Старс” багт ирж байсан бөгөөд жилийн өмнө зодог тайлсан. Харин замналынхаа сүүлийн жил “Детройт Ред Уингз”-т хүчин зүтгэсэн ба амьдралынхаа ихэнх хугацааг Техасын багт өнгөрүүлжээ. Тэрбээр NHL-ийн мөсөн талбайд 1459 тоглолтод оролцохдоо 1359 оноо (557 гоол+802 дамжуулалт) авчээ. Мөн Модано АНУ-ын шигшээ бүрэлдэхүүнд багтаж, олимп, ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж байв. Түүнтэй хамт NHL-ийн тоглогч асан Эд Олзяк, дасгалжуулагч Луй Ламориелло нар “Алдрын танхим”-д багтжээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )