Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2012-2013 оны улирлын тоглолт үргэлжилж байна. 58 дахь удаагийн тэмцээнд буурал тивийн 17 улсын шилдэг 32 баг найман хэсэгт өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө “E”, “F”, “G”, “H” хэсгийн гурав дахь тоглолт боллоо. Ингээд өнгөрсөн шөнө болсон тоглолтын тоймыг хүргэе.
“E” хэсэг
Шахтер (Украин) - Челси (Англи) 2:1
Гоол: Алекс Тейшейра 3, Фернандиньо 52 - Оскар 88
Өнгөрсөн жилийн Украиний аварга “Шахтер” Донецк хотын “Донбасс арена”-д өнгөрсөн улирлын тус тэмцээний аварга “Челси” клубийг хүлээн авч, хүчтэй өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авсан юм. Ингэснээр “Шахтер” зургаан оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ.
Тоглолт эхлээд дөнгөж гурав дахь минутад Украиний багийн бразил хагас хамгаалагч Алекс Тейшейра гоол оруулж тоглолтын салхийг хагалсан. Улмаар хоёрдугаар хагасын 52 минутад довтлогч Фернандиньо гоол оруулж, тоог 2:0 болгож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Харин өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Цэнхэрүүд”-ийн шинэ цэрэг Оскар үндсэн цаг өндөрлөхөөс хоёр минутын өмнө багийнхаа нэрийг төрийн гоолыг орууллаа.
Нордшелланд (Дани) - Ювентус (Итали) 1:1
Гоол: Миккель Бекманн 50, - Мирко Вучинич 81
“Аваргуудын лиг”-т анх удаа тоосоо өргөж буй Данийн “Нордшелланд” талбай дээрээ Италийн лигийн хамгийн олон түрүүтэй Турины “Ювентус”-ыг хүлээн авч, 1:1-ээр тэнцэж, багахан дуулианыг дэгдээлээ. Тоглолтын эхний хагаст гоол ороогүй бөгөөд хоёрдугаар хагасын 50 минутад Данийн багийн хагас хамгаалагч Миккель Бекманн Дэлхийн шилдэг хаалгач Жанлуижи Буффоны хаалганд гоол хийж, тулааны салхийг хагалсан. Харин “Хуучин ноёд”-ын довтлогч Мирко Вучинич 81 минутад тэнцээний бөмбөгийг шигтгэжээ.
“F” хэсэг
Лилль (Франц) - Бавари (Герман) 0:1
Гоол: Томас Мюллер 20 пен
Лилль хотын “Вильнёв-д”Аск” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод талбайн эзэд “Бавари”-д 0:1-ээр хожигдлоо. Немцүүдийн цорын ганц гоолыг довтлогч Томас Мюллер 20 минутад торгуулийн цохилтоор оруулжээ. “Бавари”-гийн ахлагч Филипп Ламыг “Лилль”-ийн тоглогчид 16-ын шугамны дотор унагаасан юм.
БАТЭ (Беларусь) - Валенси (Испани) 0:3
Гоол: Роберто Сольдадо 45+1 пен, 55, 69
Эхний хоёр тоглолтдоо Германы “Бавари Мюнхен”, Францын “Лилль” гэсэн шилдэг клубийг тус бүр 3:1-ээр хожиж, сенсааци тарисан Беларусийн даруухан баг БАТЭ өнгөрсөн шөнө Испанийн “Валенси “-г Минск хотдоо хүлээн авч, 0:3-аар хуурай хожигдож, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Энэхүү тоглолтод “Сарьсан багваахайнууд”-ын ахлагч Роберто Сольдадо гурван гоол оруулж, хет-трик хийв.
“G” хэсэг
Барселона (Испани) - Селтик (Шотланд) 2:1
Гоол: Андрес Иньеста 45, Хорди Альба 90+4 - Георгиос Самарас 18
Өнөө цагийн Дэлхийн шилдэг клубүүдийн нэг “Барселона” “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ Шотландын аварга “Селтик”-ийг тоглолтын эцсийн хоромд 2:1-ээр сөхрүүллээ. Тоглолтын салхийг талбайн эзэд биш зочид хагалсан. “Селтик”-ийн грек довтлогч Георгиос Самарас эхний хагасын 18 дахь минутад оруулсан бол хариу гоолыг энэ жилийн Европын шилдэг хөлбөмбөгчин Андрес Иньеста эхний хагасын сүүлийн минутад хийв. Харин хоёрдугаар хагаст талбайн эзэд олон аюултай довтолгоо хийсэн ч Шотландын багийн эмх цэгцтэй хамгаалалтыг сэтэлж чадахгүй байлаа. Харин тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн “Барса”-гийн баруун жигүүрийн хамгаалагч Хорди Алба ялалтын бөмбөгийг шигтгэлээ.
Спартак (ОХУ) - Бенфика (Португал) 2:1
Гоол: Рафаэл Кариока 3, Нивалдо Жардел 43 авто гоол - Родриго Лима 33
Эхний хоёр тоглолтдоо тэргүүлж яваад хожигдсон ОХУ-ын Москвагийн “Спартак” Португалийн “Бенфика”-тай хийх хоёр тоглолтод хожил авч байж, хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болох байв. Тэд өнгөрсөн шөнө “Лужники” цэнгэлдэх хүрээлэндээ Португалийн дэд аваргуудыг 2:1-ээр буулган авч, хүссэн гурван оноогоо халаасаллаа. Тоглолт эхлээд гурав дахь минутад “Спартак”-ын Рафаэл Кариока гоол оруулж, салхийг хагалсан бол 33 минутад “Бенфика”-гийн Родриго Лима мөргөж, гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин үүнээс 10 минутын дараа Португалийн багийн хамгаалагч Жардел жигүүрээс ирсэн бөмбөгийг таслах гээд өөрийн хаалгандаа автогоол оруулжээ .
“H” хэсэг
Манчестер Юнайтед (Англи) - Брага (Португал) 3:2
Гоол: Хавьер Эрнандес 25, 75, Жонни Эванс 62 - Алан 2, 20
Энэ жилийн “Аваргуудын лиг”-т том зорилготой оролцож буй Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэндээ Португалийн “Брага”-г 3:2-оор буулган авав. Тоглолтын эхний 20 минутад “Брага” хоёр гоол оруулж, талбайн эздийг хүнд цохилтод оруулсан. Гэсэн ч “Улаан чөтгөрүүд” ийм зүйлд барьц алдах баг биш гэдгээ харуулж, гурван гоол оруулав. “Манчестер Юнайтед”-ын мексик довтлогч Хавьер Эрнандес дубль хийж, төвийн хамгаалагч Жонни Эванс нэг гоол хийв.
Галатасарай (Турк) - ЧФР (Румын) 1:1
Гоол: Бурак Йылмаз 77, - Дани Нункеу 19 автогоол
Туркийн “Галатасарай” “Тюрк Телеком” цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-т шуугиан тарьж, анх удаа шөвгийн наймд шалгарсан Румыний аварга ЧФР 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа. Тус тоглолтод талбайн эзэд өөрийн болон айлын хаалганд тус бүр нэг гоол хийв. “Галатсарай”-гийн Дани Нункеу 19 минутад өөрийн хаалганд автогоол оруулсан бол 77 дахь хоромд довтлогч Бурак Йылмаз тэнцээний бөмбөгийг шигтгэсэн байна.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )