Монгол туургатны барилдаанд оролцох бөхчүүдийн нэрс тодорч эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Арваннэгдүгээр сарын 4-нд “АСА” циркэд болох Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадамд ОХУ-ын Буриад улсаас оролцох бөхчүүдийн нэрс тодорлоо. Буриад улсаас хоёр жинд нийт 16 бөх оролцох бөгөөд -85 кг-ын жинд ОХУ-ын чөлөөт бөхийн спортын мастер, самбо бөхийн дэлхийн аварга, буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Эрдынеев Баясгалан, чөлөөт бөхийн спортын мастер, буриад үндэсний бөхийн таван удаагийн аварга Гармаев Иван, Чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн гурван удаагийн аварга Цырендондоров Зорикто, чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн барилдааны аварга Гармаев Саян, Чөлөөт бөхийн спортын мастер Базаров Вандан,  чөлөөт бөхийн спортын мастер Бадмаев Сергей нарын зургаан бөх оролцох аж. Харин +85 кг-ын жинд чөлөөт бөхийн спортын мастер, Буриад улс болон Москвад зохион байгуулагддаг олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Санжиев Ринчин, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Максаров Цыбик, чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн аварга Цыренов Батор, чөлөөт бөхийн спортын мастер, Буриадын залуучуудын үндэсний бөхийн аварга Гармаев Батор, чөлөөт бөхийн спортын дэд мастер Дамбаев Балдан нарын таван бөх оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Бөхчүүдийн дасгал сургуулилалт, арын албыг Буриадын үндэсний бөхийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн спортын мастер Дамбиев Михаил, Буриад улсын үндэсний бөхийн 10 удаагийн аварга, Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Гармаев Илья тэргүүтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хариуцан ажиллах аж.

Буриадын бөхчүүд Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмаас хойш бүтэн багаараа оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадамд тун хүчтэй баг ирүүлэхээр болжээ.  Тэднээс +85 кг-ын жинд зодоглох Санжиев Ринчин нь 2009 онд Улаанбаатар хотод болсон Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмын гурвын даваанд Монгол Улсын шилдэг залуу харцага Ө.Даваабаатарыг хаяж хурсан олныг баясгаж байлаа.

 Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top