Монголын Үндэсний олимпийн хороо, Олон Улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын усан спортын холбоо хамтран дасгалжуулагч, багш нарын үндэсний семинарыг зохион байгуулж байна. Энэхүү семинарыг Сингапур улсын иргэн Ан Сион Пен удирдан явуулж буй бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймгийн 27 багш, дасгалжуулагч хамрагдаж байна. Семинар энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын усан спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах нар оролцлоо. Ц.Дамдин хэлэхдээ “Усан спортын дэд бүтэц ирэх жилүүдэд өндөр хурдаар хөгжих нь тодорхой болсон. Засгийн газраас аймаг, дүүрэг бүрт усан сан байгуулахаар болсон. Тиймээс боловсон хүчин, багш дасгалжуулагч нарыг бэлдэх зайлшгүй шаардлага гарч буй юм. Та бүхэн АНУ-д усан спортоор хичээллэж байсан, дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн багшаас их зүйл сурахыг хүсье. Цаашдаа усан спортын төрлөөр бид өөрсдийн хүчээр олимпийн эрхээ авдаг болох зорилготой” гэжээ. Усан спортын семинар нь олимпийн эв санааны нэгдлийн шугамаар хийгдэж буй энэ жилийн хоёр дахь семинар аж. Анхны семинар талбайн теннисний төрлөөр болжээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )