Топ багуудын час өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолт үргэлжилж байна. 58 дахь удаагийн тэмцээний “А”, “В”, “С”, “D” хэсгийн гуравдугаар тойргийн тоглолт өчигдөр шөнө болж, тус тэмцээний хамгийн олон түрүүтэй Испанийн “Реал”, Италийн “АС Милан” айлын талбайд зочлон тоглож, хожигдсон. Мөн Английн “Манчестер Сити”, “Арсенал” гэсэн топ багууд ялалт байгуулж чадсангүй. Ингээд эхний дөрвөн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтын тоймыг хүргэе.

“А” хэсэг

Порту (Португал) - Динамо К (Украин) 3:2

Гоол: Силвестр Варела 15, Жексон Мартинес 36, 78 - Олег Гусев 21, Браун Идейе 72


Өнгөрсөн улирлын Португалийн аварга “Порту” хотын “Драгау” цэнгэлдэх хүрээлэндээ Украиний “Динамо”-г хүлээн авч тоглон 3:2-оор буулган авав. Тоглолтын эхний хагасын 15 дахь минутад талбайн эздийн Силвестр Варела тулааны салхийг хагалсан. Үүнээс зургаан минутын дараа “Динамо”-гийн Олег Гусев гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 36 дахь минутад “Порту”-гийн Жексон Мартинес гоол оруулж, багтаа дахин тэргүүллийг авчирсан. Харин хоёрдугаар хагасын 72 дахь минутад Украиний багийн Браун Идейе гоол хийж, тоог 2:2 болгов. Харин зургаан минутын дараа гурав дахь гоолыг оруулсан Мартинес ялалтын бөмбөгийг “Динамо”-гийн хаалганд шигтгэлээ. Ингэснээр “Порту” гурван тойргийн дараах байдлаар 100 хувийн амжилттай хэсгээ тэргүүлж байна.

Динамо З (Хорват) - ПСЖ (Франц) 0:2

Гоол: Златан Ибрагимович 33, Жереми Менез 43


Өнгөрсөн зуны солилцоо, наймааны цонхоор хамгийн их мөнгө зарцуулсан Францын “Пари Сан Жермен” клуб Хорватын аварга “Динамо”-г Загреб хотод нь  2:0-ээр хожлоо. Тоглолтын 33 минутад ПСЖ-ий шилдэг довтлогч “Алтан хөлт” хочит Златан Ибрагимович гоол оруулж, тоог нээсэн. Үүнээс 10 минутын дараа Францын шигшээ багийн довтлогч Жереми Менез багийнхаа хоёр дахь бөмбөгийг Хорватын багийн хаалганд хийв.

 

“В” хэсэг

Арсенал (Англи) - Шальке-04 (Герман) 0:2

Гоол: Клас-Ян Хунтелар 76, Ибрахим Афеллай 86


Дөрөв хоногийн өмнө лигтээ “Норвич Сити”-д 0:1-ээр хожигдсон “Их Буучид” “Эмирайтс” цэнгэлдэр хүрээлэндээ Германы “Шальке”-д 0:2-оор дийлдэж, үнэнч фанатуудынхаа урмыг хугаллаа. Тоглолтын эхний хагаст гоол ороогүй бөгөөд хоёрдугаар хагасын сүүлийн 15 дахь минутад гол үйл явдал өрнөж, нидерланд залуус багаа ялалтад хөтөллөө. 76 дахь минутад “Гоолын машин” Клаус Ян Хунтелаар гоол оруулж, тоглолтын салхийг хагаллаа. Харин 86 минутад энэ улиралд “Барса”-гаас зээлээр тоглож буй Ибрахим Афеллай шинэ багийнхаа төлөө анхны гоолыг “Их Буучид”-ын хаалганд оруулав.

Монпелье (Франц) - Олимпиакос (Грек) 1:2

Гоол: Гаэтен Шарбонье 49 - Василис Торосидис 73, Константинос Митроглу 90+1


Өнгөрсөн улирлын Францын аварга “Монпелье” Грекийн “Олимпиакос”-т 1:2-оор хожигдож, нокаут шатанд өрсөлдөх боломжгүй боллоо. Тэд үлдсэн гурван тоглолтод заавал хожиж байж, багахан шаанстай. Гэсэн ч энэ бараг боломжгүй зүйл юм. Уг нь тоглолтын хоёрдугаар хагасын 49 минутад талбайн эздийн Шарбонье гоол оруулж, салхийг хагалсан. Гэсэн ч “Олимпиакос”-ын Торосидис, Митроглу нар 73, 90 дэх минутад дараалан гоолдлоо.

 

“С” хэсэг

Малага (Испани) - Милан (Итали) 1:0

Гоол: Хоакин Санчес 64


Анх удаа “Аваргуудын лиг”-т тоосоо өргөж буй Испанийн “Малага” гурван тоглолтод дараалан ялалт байгууллаа. Тэдний ээлжит золиос тус тэмцээний долоон удаагийн түрүүтэй, хөлбөмбөгийн агуу түүхтэй “Милан” болов. Энэ улиралд тун тааруухан тоглож буй “Россенори”-чуудын уналт багийн удирдлагуудтай шууд холбоотой. Учир нь тэд өнгөрсөн зун багийн гол тоглогч Ибрагимович, Силва нарын гол тоглогчоо хамтад Францын багт 65 сая еврогоор худалдсан ч тэднийг орлох тоглогчдийг элсүүлээгүй нь алдаа болсон. Энэхүү тоглолтын цорын ганц гоолыг цагтаа “Ялагдашгүй Армада”-гийн шигшээ багт тоглож байсан ахмад хагас хамгаалагч Хоакин Санчес 64 минутад оруулсан байна.

Зенит (ОХУ) - Андерлехт (Бельги) 1:0

Гоол: Александр Кержаков 72-пен


Эхний хоёр тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан сүүлийн хоёр жилийн Оросын аварга “Зенит” Санкт-Петербург хотдоо Бельгийн “Андерлехт”-ийг 1:0-ээр буулган авав. Тоглолтын цорын ганц гоолыг 72 минутад “Зенит”-ийн шилдэг довтлогч Александр Кержаков торгуулийн 11 метрийн цохилтоор орууллаа. Сонирхолтой нь энэ нь түүний замналын 200 дахь гоол болон бүртгэгджээ.

 

“D” хэсэг

Боруссиа Д (Герман) - Реал (Испани) 2:1

Гоол: Роберт Левандовски 36, Марсель Шмельцер 64, - Криштиану Роналду 38


Англи, Герман, Испани, Нидерландын аваргууд багтсан энэ хэсгийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд “Үхлийн” хэмээн тодотгоод байгаа. Үүнийг нотлох мэт “D” хэсгийн тоглолт тун сонирхолтой өрнөж байна. “Бундеслиг”-ийн аварга “Боруссиа Дортмунд” тус тэмцээний хамгийн олон түрүүтэй “Реал”-ыг гэртээ 2:1-ээр буулган авлаа. Тоглолтын 36 минутад Польшийн шилдэг довтлогч Роберт Левандовски эхний гоол оруулсан бол ердөө хоёр минутын дараа “Эзэн хааны баг”-ийн бомбардир Роналду тэнцээний гоолыг оруулав. Харин хоёрдугаар хагасын 64 минутад “Боруссиа”-гийн Марсел Шмельцерийн зүүн хөлөөрөө гуядаж цохисон бөмбөг торыг хөдөлгөснөөр багаа ялалтад хөтөллөө. Ингэснээр “Боруссиа” гурван тоглолтын дараагаар долоон оноотой “Үхлийн” хэсгийг тэргүүлэх болов.

Аякс (Нидерланд) - Манчестер Сити (Англи) 3:1

Гоол: Сим де Йонг 45, Никлас Мойсандер 57, Кристиан Эриксен 68 - Самир Насри 22


Өнгөрсөн улирлын “Премьер лиг”-ийн аварга “Манчестер Сити” Голландын аваргуудад 1:3-аар хожигдсноор өөрсдийн нөхцөл байдлыг тун хүнд болголоо. Будант Альбионы баг тоглолтын 22 минутад хагас хамгаалагч Жеймс Милнерийн дамжуулалтаар Самир Насри гоол оруулж, салхийг хагалсан. Гэсэн ч тэдний тэргүүлэлт удаан үргэлжилсэнгүй, хаалгандаа гурван бөмбөг дараалан алдав. Энэхүү дуэлийн гол буруутан нь “Гурван арслан”-ын үндсэн хаалгач Жо Харт байлаа. Тэрбээр бүх гоолд байрлалын том алдаа гаргаж, багаа булшилсан.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top