Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спортын бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, спорт холбоодтой хамтран оюутны гуравдугаар “Универсиад” наадмыг зохион байгуулахаар болсон билээ.
Ирэх жилийн гуравдугаар наадам спортын 15 (аэробэк, бокс, волейбол, гандбол, футзал, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик, тэшүүр, цана, чөлөөт бөх, шатар, ширээний теннис) төрлөөр анхан шатны, бүсийн болон шигшээ гэсэн гэсэн үе шаттай зохион байгуулагдахаар болсон.
Анхан шатны тэмцээнүүд энэ сараас эхлэн их, дээд сургуулийн хэмжээнд зохиогдож эхэлсэн бөгөөд шигшээ тэмцээн 2013 оны нэгээс тавдугаар сарыг дуустал үргэлжлэх аж.
“Универсиад” наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Нээлтийн ажиллагаанд Спорт, соёл, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, ССАЖЯ-ны бодлогын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар нар болон их, дээд сургуулийн захирлууд оролцлоо.
Нээлтийн ёслолд урлаг, спортын тоглолт болж, тамирчид болон шүүгчид тангараг өргөлөө. Тамирчдын тангаргийг энэ жилийн волейболын оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын мастер Халиун, шүүгчийн тангаргийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар өргөлөө.
Дашрамд сонирхуулахад оюутны спортын наадмаас шалгарсан тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотод болох зуны XXVII “Универсиад”, Италийн Трентино хотод болох өвлийн XXVI “Универсиад” наадамд эх орноо төлөөлөн оролцох эрх авах аж.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )