Серена Уильямс, Мариа Шарапова нар хагас шигшээд өрсөлдөх эрхээ халааслав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Туркийн Стамбул хотод талбайн теннисний эмэгтэйчүүдийн холбо (WTA)-ны шилдэг найман теннисчдийн тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр “Цагаан” хэсгийн хоёр дахь тоглолтод энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын шилдэг теннисчин Мариа Шарапова хоёрдугаар тойргийн тулаанаа дэлхийн чансааны дөрөвдүгээр эрэмбэтэй Польшийн Агнешка Радванскатай хүч үзлээ. Хоёр теннисчний тулаан маш сонирхолтой өрнөж, орос бүсгүй гурван үеийн тоглолтод ялалт байгуулж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ халаасаллаа. Эхний үед польш бүсгүй 7:5-аар давамгайлсан бол удаах хоёр үед Шарапова 7:5, 7:5-аар ялалт байгуулав.

“Улаан” хэсэгт энэ онд 6.9 сая ам.долларын шагнал хүртэж, рекорд тогтоогоод буй Дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Викториа Азаренко эхний тоглолтоо Германы Ангелика Кербертэй тун хүнд тоглолт хийж, анхны ялалтаа байгуулав. Хэдийгээр эхний тоглолтодСерена Уильямсын эсрэг юу ч хийж чадаагүй немц бүсгүй Азаренкогийн эсрэг сүрхий тэмцсэн ч ялалт байгуулж дөнгөсөнгүй. Тулааны эхний үед тай-брект хүрч, Кербер 7:6-аар ялалт байгуулсан. Харин дараагийн хоёр үед Азаренко туршлага заан 7:6, 6:4-өөр илүүрхэв.

Энэ хэсэгт Дэлхийн чансааны гурадугаарт эрэмбэтэй, “Их дуулга”-ын 15 түрүүтэй АНУ-ын Серена Уильямс хоёр дахь тоглолтоо БНХАУ-ын Ли Натай хийж, 7:6, 6:3-аар буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.

Б.Батаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top