Туркийн Стамбул хотод талбайн теннисний шилдэг эмэгтэй найман теннисчдийн “WTA Tour-2012” тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Нийт 4.9 сая ам.долларын шагналын сантай тэмцээний хэсгийн тоглолт өндөрлөх шатандаа ороод байна.
“Цагаан” хэсгийн хоёрдугаар тойрогт энэ жилийн Францын нээлттэй тэмцээний дэд аварга Италийн Сара Эррани Австралийн Саманта Стосуртой хүч үзэв. Дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэтэй ногоон тивийн бүсгүй өнгөрсөн жилийн “Уимблдон”-ы аварга Петра Квитоваг хоёрдугаар тойргоос орлох болсон. Квитова өмнөх тойрогт Польшийн Радванскатай тоглох үеэр бэртэл авч, тэмцээнийг орхисон.
Хоёр теннисчний эхний үед Эррани 6:3-аар давамгайлсан бол хоёр дахь сетэд Стосур 6:2-оор илүүрхэв. Харин шийдвэрлэх гуравдугаар үед итали бүсгүй өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй 6:0-ээр буулган авлаа. Эррани өнөөдөр Польшийн Агнешка Радванскатай хийх тоглолтоос хагас шигшээд өрсөлдөх эрхээ шийдэх юм.
“Улаан” хэсэгт АНУ-ын Серена Уильямс 100 хувийн амжилтаар дуусгалаа. Тэрбээр өчигдөр дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Викториа Азаренког 6:4, 6:4-өөр сөхрүүллээ.
Энэ хэсэгт өрсөлдөж буй БНХАУ-ын Ли На анх удаа тоосоо өргөж буй Германы Ангелика Керберийг туршлага заан 6:4, 6:3-аар буулган авав.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )