Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбооны цомын охидын футзалын тэмцээн энэ сарын 22-26-нд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд болж, өчигдөр дүнгээ гаргалаа. 22 багийн 220 гаруй охид U-13, U-15, U-17 хүртэл насны ангилалд өрсөлдөв.
U-13 насанд “Амгалан” цогцолбор сургуулийн баг түрүүлэв. Тэд алтан медалийн төлөөх тоглолтод “Хаан хүнс титэм” багийн охидыг 2.1-ээр буулган авчээ. Уг насанд хүрэл медалийг 58 дугаар сургуулийн баг хүртлээ.
U-15 буюу дунд насны ангилалд “Амгалан” цогцолборын баг шигшээ тоглолтод “Хаан хүнс титэм”-ийг 2:0-ээр сөхрүүлж, алтан медалийн эзэн болсон байна. Эдгээр багууд бага, дунд насны ангилалд аваргын төлөө өрсөлдөхөд “Амгалан” цогцолборын охид давамгайллаа. Энэ насанд Багануур дүүргийн “Хар Алмаазууд” баг хүрэл медалиар энгэрээ цоолов.
Хамгийн том буюу U-17 насанд таван баг тойргоор тоглож, дүнгээ гаргалаа. Тойргийн тоглолтод нэг ч хожигдолгүй, 12 оноотой тэргүүлсэн “UB United” баг алтан медалийн эзэн боллоо. Харин 58 дугаар сургууль мөнгө, “Амгалан” цогцолбор сургууль хүрэл медаль хүртэв.
Сонирхуулахад футзалын охидын тэмцээнд "Амгалан" цогцолбор сургуулийн баг бүх насанд медаль хүртэж, хүчтэй буйгаа харууллаа.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )