Туркийн Стамбул хотод болж буй талбайн теннисний шилдэг найман теннисчдийн “WTA Tour-2012” тэмцээний хэсгийн тоглолт өндөрлөлөө. Нийт 4.9 сая ам.долларын шагналын сантай тэмцээний “Цагаан” хэсгийн сүүлийн тоглолтод Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй, ОХУ-ын Мариа Шарапова хоёрдугаар тойргоос Квитоваг орлож, шилдгүүдтэй өрсөлдөх болсон Австралийн Саманта Стосуртай хүч үзэв. Энэхүү тулаанд Шарапова өрсөлдөгчөөсөө бүх талаар илүү байж, 6:0, 6:3-аар ялалт байгуулснаар хэсгийн тоглолтод 100 хувийн амжилт үзүүллээ.
Энэ хэсэгт өрсөлдөж буй Польшийн Агнешка Радванска, Италийн Сара Эррани нарын хэн ялсан нь хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох байв. Тиймээс тоглолт маш сонирхолтой өрнөсний эцэст польш бүсгүй ялалт байгуулсан юм. Тоглолтын эхний сетэд Сара Эррани өрсөлдөгчөө тай-брекээр буюу 7:6-аар илүүрхсэн. Харин удаах хоёр үед Радванска өрсөлдөгчөө 7:5, 6:4-өөр давамгайллаа.
“Улаан” хэсгийн сүүлийн тоглолтод энэ оны Австралийн нээлттэй тэмцээний аварга, Дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Викториа Азаренко БНХАУ-ын Ли Натай өрсөлдөж, 7:6, 6:3-аар ялалт байгуулснаар хагас шигшээд хүч үзэх эрхтэй болсон. Ингэснээр беларусь бүсгүй боломжит оноогоо авч, оны сүүлийн чансаанд тэргүүн теннисчний боломжоо хадгалж үлдснээр 2012 оны шилдэг теннисчин болох нь тодорхой болов.
“WTA Tour-2012” тэмцээний хагас шигшээ тоглолтод ОХУ-ын Мариа Шарапова Беларусийн Азаренкотой, АНУ-ын Серена Уильямс Польшийн Радванскатай хүч үзэхээр оноолт таарчээ.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )