Нарка гавьяатын нэрэмжит тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

“Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-4-нд Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Монгол Улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, тус спортыг хичээллэхэд дур сонирхлыг нэмэгдүүлэх тамирчдын барилдааны ур чадварыг дээшлүүлэх,  зорилготой тус тэмцээн хөвгүүдийн 12 (27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, -73, +73) охидын хоёр (44, 48) жинд болох аж. Тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ удаагийнхийг Монголын жүдо бөхийн холбоо, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ.

Сонирхуулахад Нарка гавьяатын нэрэмжит тэмцээнээс олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, дэлхийн анхны аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг тэргүүтэй шигшээ багийн ихэнх жүдочид амжилтын гараагаа эхлүүлж байв.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top