Бүсгүйчүүд медалийн оосроос атгаад алдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Бразилийн Салвадор де Бахиа хотод жүдо бөхийн багийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 12 баг өрсөлддөг тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг Олон Улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны урилгаар хүч үзсэн юм. Дөрвөн тивийн 18 улсын 228 жүдоч хүч үзсэн тус тэмцээнд бүсгүйчүүд дөрвөн барилдаан хийж, хоёр ялж, хоёр удаа ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн эхний даваанд БНСУ-ын багт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлөлөө. Ингээд манай цагаан өмсгөлтнүүд Бразилийн татамид хэрхэн барилдсаныг хүргэе.

Эмэгтэйчүүд эхний тойрогт Украинийг 3:2-оор, дараагийн даваанд БНСУ-ыг 3:2-оор ялж, хагас шигшээд БНХАУ-ын хүчирхэг багт 2:3-аар ялагдсан. Дөрвөн барилдааны дараагаар ялалт, ялагдлын харьцаа 2:2 болоод байсан бөгөөд хамгийн хүнд жинд буюу +70 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд БНХАУ-ын Кин Кианд даралтаар цэвэр ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд эзэн орны жүдочид 0:5-аар ялагдсанаар медалийн оосроос атгаад алдлаа. Эмэгтэйчүүдээс Юкү Хашимото, Анзү Ямамото, Мика Танака, Юко Имай, Мэгүми Тачимото нарын бүрэлдэхүүнтэй жүдо бөхийн эх орон Японы бүсгүйчүүд өнгөллөө. Тэд аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын багийг 3:2-оор сөхрүүллээ. Харин хүрэл медалийг Бразилийн хамт Дэлхийн аварга Янет Бермой тэргүүтэй Кубын бүсгүйчүүд хүртсэн юм.

Эрэгтэйчүүд эхний даваанд Гуулин улсын багт 0:5-аар ялагдсан. Эрэгтэйчүүдээс дэлхийн гурван удаагийн аварга Александр Михайлин тэргүүтэй ОХУ-ын жүдочид түрүүллээ. Тэд аваргын төлөөх барилдаанд Японы бөхчүүдийг 3:2-оор ялжээ. Харин хүрэл медалийг Бразил, Гүржийн жүдочид хүртэв.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top