Серена Уильямс шилдгүүдийн тэмцээнд гурав дахиа өнгөлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Туркийн Стамбул хотын “Sinan Erdem Dome” аренад талбайн теннисний шилдэг найман теннисчдийн “WTA Tour-2012” тэмцээн энэ сарын 23-28-нд боллоо. Нийт 4.9 сая ам.долларын шагналын сантай тэмцээний оролцогчид “Цагаан” болон “Улаан” хэсэгт өрсөлдөж, хэсэг тус бүрээс хоёр теннисчин хагас шигшээд өрсөлдсөн.

Хагас шигшээд “Их дуулга”-ын 15 түрүүтэй АНУ-ын шилдэг теннисчин Серена Уильямс, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Польшийн Агнешка Радванскаг 6:2, 6:1-ээр хожсон бол ОХУ-ын Мариа Шарапова дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Викториа Азаренког 6:4, 6:3-аар буулган авсан юм.

1972 оноос эхтэй тэмцээний шигшээ тулаан теннис сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Серена тус тэмцээнд өмнө нь хоёр удаа түрүүлж байсан бол Шарапова 2004 онд өнгөлж байсан юм.

Тэд энэ жилийн Лондоны олимпийн наадмын финалд таарч, тоглосноос хойш уулзаагүй. Харин Стамбулийн кортод Шарапова даагаа нэхэж чадах уу, эсвэл Серена Уильямс тус тэмцээнд гурав дахиа түрүүлэх үү гэсэн асуулт гарч ирж байв.

Шигшээ тоглолтод Серена Уильямс өрсөлдөгчөө 6:4, 6:3-аар буулган авснаар шилдгүүдийн тэмцээнд гурав (2001, 2009, 2012 он) дахиа өнгөллөө.

Харин хосын төрөлд ОХЦ-ын Надежда Петрова, Мариа Кириленко нар Чехийн Андреа Хлаваскова, Луси Храдескаг 6:1, 6:4-өөр сөхрүүлж, түрүүлсэн байна. Энэ нь орос бүсгүйчүүд хосын төрөлд аваргалсан анхны тохиолдол болжээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top