Автомашины хаан уралдаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий 17 дахь гараа өчигдөр Энэтхэгийн нийслэл Делид боллоо. 63 дахь удаагийн ДАШТ өндөрлөхөд ердөө гурван гараа үлдээд байгаа бөгөөд “Будда” автотойруулгад болсон Энэтхэгийн гараа зохион бүтээгчдийн цомд ширүүн тэмцэж буй “Ред Булл”, “Феррари”, “Макларен Мерседес” багийн хороонд гол өрсөлдөөн өрнөв. Өнгөрсөн жил анх удаа “Их хурд”-д багтсан Энэтхэгийн гараанд тус уралдааны анхны аварга “Ред Булл”-ын нисэгч, дэлхийн хошой аварга Германы Себастьян Феттель 1:31.10 секундын амжилтаар торгон жолоо өргүүллээ. Тэрбээр байрлал тогтоох уралдаанд өнгөлсөн бөгөөд шигшээ уралдаанд ч ялгаагүй шилдэг нь байж, өөрийн замналын 26 дахь цомоо гардсан. Мөн немц эр энэ жил Ази тивд болсон Сингапур, Япон, БНСУ. Энэтхэгийн гараанд дараалан түрүүллээ.
Харин “Феррари” багийн нэгдүгээр нисэгч, дэлхийн хошой аварга Испанийн Фернандо Алонсо 9.437 секундын алдагдалтай аман хүзүүдэж, өрсөлдөгчдөө тасрах боломж олгосонгүй. Учир нь ДАШТ-ий нийлбэр дүнгээр Феттель 240 оноотой тэргүүлж байгаа бөгөөд Алонсо түүнээс 13 онооны алдагдалтай удаалж байгаа юм. Энэтхэгийн гараанд “Улаан бух”-ын хоёрдугаар нисэгч, Австралийн Марк Уэббер гуравт хурдалж шагналын тавцанд гишгэв. Харин “Макларен”-ы Льюис Хэмилтон, Женсон Баттон, “Феррари”-гийн Фелипе Масса, “Лотус-Рено”-гийн Кими Райкконен, “Форсе-Индиа”-гийн Нико Хюлькенберг, “Лотус-Рено”-гийн Ромэн Грожан, “Уильямс”-ын Бруно Сенна нар эхний аравт хурдалж, шагналын оноо авчээ.
ДАШТ-ий 18 дахь гараа ирэх амралтын өдрүүдэд АНЭУ-ын Абу-Даби хотын “Яс Марина” автотойруулгад болно.
Энэтхэгийн гараа
1. Себастьян Феттель (Ред Булл) 1:31:10.744
2. Фернандо Алонсо (Феррари) +9.437
3. Марк Уэббер (Ред Булл) +13.217
4. Льюис Хэмилтон (Макларен) +13.909
5. Женсон Баттон (Макларен) +26.266
6. Фелипе Масса (Феррари) +44.674
7. Кими Райкконен (Лотус-Рено) +45.227
8. Нико Хюлькенберг (Форсе-Индиа) +54.998
9. Ромен Грожан (Лотус-Рено) +56.103
10. Бруно Сенна (Уильямс) +1:14.975
ДАШТ-ий явц
1. Себастьян Феттель (Ред Булл) 240 оноо
2. Фернандо Алонсо (Феррари) 227
3. Кими Райкконен (Лотус-Рено) 173
4. Марк Уэббер (Ред Булл) 167
5. Льюис Хэмилтон (Макларен) 165
6. Женсон Баттон (Макларен) 141
7. Нико Росберг (Мерседес) 93
8. Ромен Грожан (Лотус-Рено) 90
9. Фелипе Масса (Феррари) 89
10. Серхио Перес (Заубер) 66
Зохион бүтээгчдийн цом
1. Ред Булл 407 оноо
2. Феррари 316
3. Макларен 306
4. Лотус-Рено 263
5. Мерседес 136
6. Заубер 116
7. Форсе-Индиа 93
8. Уильямс 59
9. Торо Россо 21
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )