Олон улсын жүдо бөхийн холбооноос тус спортыг үндэслэгч Жигаро Кано багшийн мэндэлсэн өдөр буюу аравдугаар сарын 28-нд Дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү өдрийг тохиолдуулан Гранд мастер буюу ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгууллаа. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Мастерын зөвлөл, “Евро Ази Жем” ХХК хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд “Алдар”, “Хилчин”, “Сүлд”, “Хүч”, Монголын жүдо академи, Сэлэнгэ, “Хангарьд”, “Алдартан”, “Боржин”, “Женко”, “Сод Монгол”, Багахангай, Дорноговь гэсэн 13 байгууллагын 100 гаруй жүдоч хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Буядаа, Р.Даваадалай, Г.Жамсран, Л.Бадамсүрэн, ОУХМ Я.Дорж, Г.Жалаа, С.Эрхэмбаяр нарын тэргүүтэй Монголын үе үеийн шилдэг жүдочид зодоглолоо.
Багийн дүнгээр таван алт, хоёр мөнгөн медальтай ОУХМ Д.Батсайхан дасгалжуулагчтай Жүдо академи тэргүүлж, дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл медальтай “Хүч” спорт хороо, хоёр алт, гурван хүрэлтэй Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны жүдочид удаалав.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )