Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос “Golden Shoe” буюу “Алтан шаахай” шагналын эзнийг тодрууллаа. Энэхүү шагналыг нэг улиралд Европ тивийн хөлбөмбөгийн лигүүдэд хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог юм. 2012 оны тус шагналын эзнээр Аргентиний шигшээ баг болон Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси тодорлоо. Тэрбээр өнгөрсөн улиралд “Ла лиг”-т 50 гоол оруулж, мэргэн бууч болсон. Энэ нь Европын лигүүдээс нэг улиралд 50 гоол оруулж, тус шагналыг хүртсэн анхны тохиолдол болжээ. 1967 оноос тодруулж эхэлсэн тус нэр хүндтэй шагналыг Месси хоёр дахь удаагаа хүртэж буй нь энэ юм. Аргентин эр хоёр жилийн өмнө нь анх удаа “Алтан шаахай” хүртэж байв.
Өдгөө 25 настай Месси шагналаа гардахдаа “Энэ шагнал бол намайг хамгийн олон гоол оруулсныг үнэлсэн шагнал. Миний хувьд багийн хамтран зүтгэгчид минь байгаагүй бол энэ шагналыг авахгүй байсан болов уу. Тиймээс багийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Би ихэвчлэн ганцаарчилсан шагналын төлөө биш багийн амжилтын төлөө зүтгэхийг боддог” гэв.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )