Шинэ их аваргатай Кюүшюү башё гийн банцүкэ гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё  ирэх сарын 11-25-нд Фүкүока хотын “Кокүсай” спортын ордонд болно. Арваннэгдүгээр сарын барилдааны банцүкэ өнөөдөр гарлаа. Ирэх сарын тэмцээн хэд хэдэн онцлогтой бөгөөд мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн аварга цолтой барилдах анхны башё болох юм. Мөн хоёр жилийн дараа хоёр их аварга барилдахаар болжээ. Хамгийн сүүлд 2010 оны нэгдүгээр сарын Хацү башёд сүмогийн 68 болон 69 дэх их аварга Асашёорюү, Хакүхо нар зүүн, баруун жигүүрийг тэргүүлэн барилдсан. Түүнээс хойш хоёр жил, 10 сарын дараа хоёр ёкозүна барилдахаар болсон юм.

Кюүшюү башёд 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зүүнийг, шинэ аварга Д.Бямбадорж баруун жигүүрийг магнайлан барилдахаар болжээ.

Мөн озэки Какүрюү М.Ананд арслан цолтнуудыг магнайлах бол Монгол Улсын гавьяат тамирчин “Ошима” дэвжээний тэргүүн бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгаширагийн зүүний зургаагаас, Токитэнкү А.Хүчитбаатар зүүний найм, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний есөөс, Асасэкирюү Б.Дашням барууны есөөс, Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 16-гаас босон барилдахаар болсон байна.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top