Гран пригийн хоёр дахь цуврал Канадад боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) АНУ, Канад, БНХАУ, Япон, Франц, ОХУ-ад болдог Гран при тэмцээний нийлбэрээр дүнгээр шилдэг шигшээ шатанд өрсөлдөх эрх олж авах юм. Гран пригийн эхний тэмцээн АНУ-ын Кент хотод болсон бол хоёр дахь цуврал өнгөрөгч амралтын өдрүүдэд Канадын Онтарио мужийн Виндзор хотод боллоо.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнгөрсөн жилийн тус тэмцээний мөнгөн медальт, Испанийн Хавьер Фернандес 253.94 оноогоор алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга эзэн орны Патрик Чен (243.43 оноо), хүрлийг Японы Нобүнари Ода (238.34) хүртэв. Харин Европын хошой аварга Францын Флорент Амадио, ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Артур Гачинский нарын шилдгүүд медалийн гадна үлдлээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орны 16 настай залуу тамирчин Кэтлин Осмонд эгч нарынхаа толгой дээгүүр цахиур хагалж, 176.45 оноогоор өнгөлж, Японы хашир туршлагатай тамирчин Акико Сүзүки 175.16, түүний нутаг нэгт Канако Мүраками 168.04 оноогоор удаалав.

Спортын хосын төрөлд дэлхийн болон Европын дөрвөн удаагийн аварга Германы Алона Савченко, Робин Шолковы нарын хос тасархай тэргүүллээ. Тэд 201.36 оноогоор аваргалсан бөгөөд арын тамирчнаас даруй 11 баллын илүүгээр түрүүлсэн аж.

Харин мөнгөн медалийг эзэн орны Меган Духамел, Эрик Редфорд 190.49, Италийн Стефане Бертон, Андрех Хотарек нар 172.03 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Бүжгийн хосод олимп, дэлхийн аварга эзэн орны Тесса Виртуе, Скотт Мойр нарын урдуур хөндөлсөх тамирчин гарсангүй. Канадын хос 169.41 оноогоор түрүүлсэн бол Италийн Анна Каппелини, Луса Ланотте 160.06, ОХУ-ын Екатерина Риазанова, Илья Ткаченко нар 143.39 оноогоор удаалав.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top