“Залуучуудын спортын хороо”-ны анхны хурал боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

 Монголын Залуучуудын Холбоо нь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн залуучуудыг өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэх тал дээр ихэд анхаарч ажиллаж буйгаа дуулгах болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд “Залуучуудын мэргэжлийн хороод”-ыг байгуулж эхэлсэн байна. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-г байгуулах, цаашдын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх хэвлэлийн бага хурал  Төрийн ордонд боллоо.  

            Энэхүү “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон бөгөөд гишүүдээр нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Цагаанбаатар, мөн үндэсний бөхчүүдээ төлөөлж МУ-ын заан Санжаадамба нарын залуучуудын хайрлаж хүндэлдэг олон алдартнууд багтжээ.

Мөн спортод элэгтэй сонирхолтой олон салбарын  залуус  энэ хороонд багтан ажиллахаар болоод байгаа аж. 

Тамирчид маань цаашид Нийтийн биеийн тамирын асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх, хүүхэд залуучуудад спортод хайртай, спортоор хичээллэдэг болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэйгээр бэлтгэл  энэхүү хороонд ажиллахаар болж байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн тэд МЗХ-оос өрнүүлж буй “Паркаа аваръя” хөдөлгөөнийг ихэд дэмжиж, “парк маань хүүхэд залуучууд бужигнасан ногоон байгууламжтай, гүйлт дугуйн замтай орчин үеийн сайхан парк болж өргөжөөсөй” гэж хүсэж явдгаа ярьж байлаа.

Дашрамд дурьдахад энэхүү хороонд спортод хайртай хичээллэдэг хэн ч гэсэн элсэж үйл ажиллагаанд нь оролцож болох юм байна аа. 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top