Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн талбайд улсуудын аваргын цомын тэмцээн боллоо. Тэр дундаа Англи, Испанийн цомын тэмцээн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байв.
Английн лигийн цомын тэмцээний гуравдугаар шатны тоглолт болсон байна.
Будант Албионы шилдэг багуудын нэг Лондоны “Арсенал” энэ шатанд “Ридинг” клубийн талбайд зочилж, 7:5-аар буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Маш сонирхолтой өрнөсөн уг тоглолтын үндсэн цаг 4:4-өөр өндөрлөсөн. Харин нэмэлт цагт “Их Буучид”-ын Маруне Шамах хоёр, Тео Уолкотт нар гоол оруулсан. Талбайн эздээс орос довтлогч Павел Погребняк гоолдсон байна.
Мөн өчигдөр шөнө “Чемпионшип”-ийн “Лидс” талбайдаа “Саутхэмптон”-ыг 3:0-ээр, “Астон Вилла” “Суиндон”-ыг 3:2-оор, “Мидлсборо” “Сандерлэнд”-ийг 1:0-ээр, “Брэдфорд Сити”, “Уиган”-ыг торгуулийн цохилтоор буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ халаасаллаа.
Мөн Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний хоёрдугаар шатны хоёр тоглолт өчигдөр шөнө боллоо. Испанийн цомын хамгийн олон түрүүтэй “Барселона” “Алавес”-ийг “Мендизорроза” цэнгэлдэх хүрээлэнд нь 3:0-ээр буулган авчээ. Тус тоглолтод Каталоны багийн шилдгүүд болох Давид Вилья, Андреас Иньеста, Сеск Фабрегас нар тус бүр нэг гоол оруулжээ.
Мөн “Валенси” “Сегунда” лигийн “Лагостера” клубийн талбайд зочилж, 2:0-ээр хожжээ. “Сарьсан багваахай”-нуудаас Бразилийн Хонас, Парагвайн Нельсон Вальдес нар бөмбөгийг шигтгэсэн байна.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )