Р.Ууганбаяр: Өвөр Монголоос 200 гаруй хүн наадмыг үзэж сонирхоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Энэ ням гаригт Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болно. Үүнтэй холбогдуулан Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяртай ярилцлаа.

-Монголд туургатны үндэсний бөхийн барилдаан ням гаригт болно. Наадамд оролцох бөхчүүд хэзээ ирэх вэ. Зохион байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Өнөөдрөөс эхлэн Монгол туургатны бөхчүүд маань ирж байна. Салхийг нь хагалж ОХУ-ын Алтайн бөхчүүд 18:00 минутад Улаанбаатар хотод газардана. Харин маргааш Өвөр Монгол, Буриад, Тува, Халимагийн бөхчүүд ирэхээ мэдэгдсэн. Зохион байгуулалтын ажил ерөнхийдөө хангагдсан. Одоо туургатны бөхчүүдээ хүлээж авах ажил үлдээд байна даа.

-Багууд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа вэ?

-Өвөр Монголоос хоёр жинд 16 бөх барилдана. Зочид төлөөлөгч, урлагийнхан, дасгалжуулагчид гэх мэт бүгд нийлээд 30 хүний бүрэлдэхүүнтэй. Тувагаас мөн ялгаагүй 16 бөх зодоглоно. Нийт 29 хүн ирнэ гэж бидэнд мэдүүлгээ ирүүлсэн. Харин Буриадаас 20 хүн ирнэ. Тэдний 12 нь бөхчүүд байгаа. Харин Халимаг, Алтайгаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ. Алтай улсын хувьд анх удаагаа Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож байгаа.

-Зочдоос онцлох ямар бөхчүүд байна вэ?

-Онцолбол анхны наадамд улсын харцага Ө.Даваабаатар харцагыг хаяж байсан Буриадын Ренчин Бямбаевыг нэрлэж болох юм. Мөн өнгөрсөн наадмаар -85 кг-ын жинд үзүүрлэж байсан Тувагийн арслан Сайын Белек жин өгсөж +85-д орж ирсэн. Ер нь -85 кг-ын жинд түрүү жилийн аварга Андрей Монгуш тэргүүтэй Тувагийн бөхчүүд маш хүчтэй байгаа. Мэдээж Өвөр Монголын аварга бөхчүүд ирнэ. Багууд ерөнхийдөө маш жигд хүчирхэг бүрэлдэхүүнийг илгээсэн.  

-Манай улсаас оролцох бөхчүүдийн хувьд?

-Манай улсын шилдэг гэсэн бүх бөхчүүд оролцоно. Онцолбол -85 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Лондоны олимпод эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Үйтүмэн нарыг нэрлэж болно. Харин +85 кг-ын жинд аймаг, аймгийн дэвжээдийн сонгон шалгаруулах барилдаанд түрүүлсэн бөхчүүд нь оролцох юм. Өөрөөр хэлбэл аймаг, аймгийн шигшигдсэн бөхчүүд гэсэн үг. Мөн өмнөх наадмуудын аварга улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав нар барилдана.

-Энэ удаагийн Монгол туургатны үндэсний бөхийн наадам юугаараа онцлог байх вэ?

-Алтайгаас бөхчүүд Монгол туургатны үндэсний бөхийн наадамд анх удаагаа оролцож нэг туургатан маань бидэнтэй нэгдлээ. Бас бусад туургатны бөх сонирхогчид Монгол туургатны үндэсний бөхийн наадмыг үзэхээр олноороо зорин ирж байна. Үүнээс гадна манай олимп, дэлхийн тамирчид оролцож байгаа гээд л нэрлэвэл олон онцлог бий.

-Хаанаас, хэчнээн хүн үзэж, сонирхох вэ? 

-Өвөр Монголоос гэхэд 200 гаруй хүн наадмыг сонирхох хүсэлтээ бидэнд илгээж тасалбараа захиалсан. Бусад туургатнаас ч гэсэн багагүй үзэгч ирэхээ мэдэгдээд байгаа. Мөн манайд ажиллаж, амьдардаг туургатнууд маань олноороо зохион байгуулалттайгаар ирж бөхчүүдээ дэмжинэ гэж дуулдсан.

-Наадмын тасалбар хаана зарагдаж байгаа вэ?

-Тасалбарыг “АСА” циркийн кассаар борлуулж байгаа. Мөн 1950 тусгай дугаарт залгаад хүссэн газраа үнэгүй хүргүүлж болно. Үнийн хувьд 6000, 8000-аар худалдаалагдаж байгаа. 

-Наадмын үзүүр түрүүний бөхчүүд хэдэн төгрөгний бай шагнал авах вэ?

-Монгол туургатны үндэсний бөхийн наадам нь бусад барилдаануудаас хавьгүй өндөр бай шагналтай. Бид нэг удаагийн наадмын бай шагналд гэхэд 50 сая төгрөг зарцуулдаг. Энэ удаагийн наадамд түрүүлсэн бөх долоо, үзүүрлэсэн бөх дөрвөн сая төгрөг хүртэнэ. Давааны урамшуулал л гэхэд 250 мянгаас эхэлж байгаа. Даваа ахих тусам энэ дүн нэмэгдэнэ.

-Та барилдааны дүрмийн талаар ярихгүй юу?

-Мэдээж Монгол үндэсний бөхийн дэгийн дагуу л барилдана. Барилдааны хугацаа даваа харгалзахгүйгээр 10 минут байна. Энэ хугацаанд хаялцахгүй бол баруун зүүн давхар шуудагнаас золгуулна. Хаялцаагүй тохиолдолд нэг бөх нь барьцгүй, нөгөө бөх нь давхар шуудагны барьцтайгаар барилдааныг үргэлжлүүлнэ. Барьц задарсан тохиолдолд нөгөө бөх нь давхар шуудаг авна. Маргаантай барилдаан дээр санал зөрөлдсөн тохиолдолд барилдааныг бичлэгээр харж үнэн зөв шийдвэр гаргана. Бөхчүүд цолны хамааралгүй сугалаа сугалж барилдах учраас нэгийг сугалсан бөх хоёрыг сугалсан бөхтэй гурвыг сугалсан бөх дөрвийг сугалсан бөхтэй гэсэн зарчмаар оноолт таарч барилдана.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top