Сагсан бөмбөгийн Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн 2012-2013 оны улирал өнөөдөр эхэллээ. Шинэ улиралд өнгөрсөн жилийн аварга “Майами Хит” аваргаа хамгаалах уу, залуу бүрэлдэхүүнтэй “Оклахома” өнгөрсөн улирлын хариугаа авч чадах уу, Дуайт Ховард, Стив Нэш нарын супер оддыг багтаа элсүүлсэн “Лос-Анжелес Лейкерс” шинэ улиралд хэрхэн хол явах вэ гэсэн олон асуултын хариу тайлагдах шинэ улирлыг сагсан бөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан юм. Өнөөдөр нээлтийн өдөр сагсан бөмбөгийн талбайд гурван тоглолт боллоо. Ингээд дээрх гурван тоглолтын тоймыг хүргэе.
Вашингтон - Кливлэнд 84:94 (24:31, 15:19, 23:24, 22:20)
Вашингтон: Ж.Кроуфорд 11 оноо+5 дам, Э.Окафор 10 оноо+самбар, Т.Ариза 9 оноо, М.Уэбстер 9 оноо
Кливлэнд: К.Ирвин 29 оноо+6 самбар, Д.Уолтерс 17 оноо, Т.Томпсон 12 оноо+10 самбар, Д.Гибсон 10 оноо, А.Варежао 9 оноо+22 самбар+9 дам
Кливлэнд хотын “Quicken Loans” аренад болсон тус тоглолтод “Морин цэргүүд” эхний хагаст 50:39-өөр давамгайлсан. Улмаар тэд энэхүү давамгайллаа гурав, дөрөвдүгээр үед хадгалснаар нийслэлийн багийг 10 онооны зөрүүтэй буулган авч, улирлын анхны ялалтаа байгуулав. “Кливлэнд”-ээс 2011 оны драфтын тэргүүн тоглогч Кайри Ирвин 29 оноо авч, тэргүүлсэн түүнд Улотерс 17, Томпсон 12, Гибсон 10 оноогоор тусалсан. Мөн тэдний бразил төвийн тоглогч Андерсон Варежао будагтай талбайд гайхалтай байж, 22 удаа самбараас бөмбөг авчээ. Хэрэв тэрбээр оноо, дамжуулалтаа тус бүр нэгээр илүү гаргасан бол трипл-дабль хийх боломжтой байв. Харин “Вашингтон”-оос Жордан Кроуфорд, Эмека Окафор нарыг эс тооцвол бусад тоглогчид нь хоёр оронтой тооны оноо авч чадсангүй.
Бостон - Майами 107:120 (25:31, 29:31, 22:31, 31:27)
Бостон: П.Пирс 23 оноо+5 самбар+5 дам, Р.Рондо 20 оноо+13 дам, Л.Барбоза 16 оноо, Б.Басс 15 оноо+11 самбар
Майами: Д.Уэйд 29 оноо, Л.Жеймс 26 оноо+10 самбар, К.Бош 19 оноо+10 самбар, Р.Аллен 19 оноо, Р.Льюис 10 оноо+5 самбар
Өнгөрсөн жилийн аварга “Майами Хит” өөрсдийн “American Airlines Arena”-даа NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс”-ийг хүлээн авч тоглолоо. Тэд өнгөрсөн улирлын “Дорнод” бүсийн аваргын төлөө өрсөлдөж, “Дөлнүүд” ялалт байгуулж, аваргалах замаа засч байв. Тус тоглолтын өмнө нь “Майами”-гийнхан өнгөрсөн улирлын аваргын бөгжөө гардаж авсан юм. Тоглолтын эхний хоёр үе тун тэнцүүхэн өрнөсөн. Харин гуравдугаар үеээс “Дөлнүүд” оноогоор тасарч, улмаар 120:107-гоор ялалт байгуулав. Талбайн эздээс Орчин цагийн “Их гурвал” хамтдаа 74 оноо цуглуулсан бол “Дөлнүүд”-ын шинэ цэрэг, мэргэн бууч Рэй Аллен хуучин багийнхаа эсрэг 19 оноо авав. Харин “Кельтүүд”-ийн оноо лидер Пол Пирс 23 оноо түүжээ.
Даллас - Лейкерс 99:91 (25:29, 23:17, 26:20, 25:25)
Даллас: Д.Коллисон 17 оноо, Б.Райт 14 оноо, О.Жей.Майо 12 оноо, Ш.Мэрион 11 оноо+9 самбар, В.Картер 11 оноо, Р.Беабоис 11 оноо
Лейкерс: П.Газоль 23 оноо+13 самбар, К.Брайант 22 оноо, Д.Ховард 19 оноо+10 самбар, Ж.Хилл 9 оноо+5 самбар
Өнгөрсөн зун Дуайт Ховард, Стив Нэш нарын супер оддыг багтаа элсүүлсэн хүчирхэг “Лейкерс” өнөөдөр “Стэплес центр”-тээ 2011 оны Ларри О`Брайений цомын эзэн “Даллас”-ыг хүлээн авч, 91:99-өөр хожигдож, улирлын анхны дуулианыг дэгдээлээ. Улирлын өмнө найман тоглолтоос ганц ялалт байгуулж чадаагүй Холливудын хотын багийн тоглогчид хоорондоо ойлголцоход чамгүй хугацаа хэрэгтэйг энэхүү тулаан тод томруун харууллаа. Хэдийгээр багийн лидер Дирк Новицки нь бэртлийн улмаас улирлын эхний хэдэн тоглолтыг өнжихөөр болсон ч Техасын багийн залуус гайхалтай ойлголцож, хүчирхэг “Нуурууд”-ыг гэрт нь буулган авсан юм. Тэдний зургаан тоглогч 10-аас дээш оноо авч, багийн ялалтад хувь нэмрээ оруулав. Харин талбайн эздээс По Газоль, Дуайт Ховард нарын өндөр тоглогчид нь дабль-дабль хийж, онооны лидер Коби Брайант 22 оноо түүв.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 1 )
bi lakers iigl demjene bi bryant iig demjdeg