Английн хөлбөмбөгийн лигийн цомын тэмцээний дөрөвдүгээр шатны гурван тоглолт өчигдөр боллоо. Энэ шатны хамгийн сонирхолтой тулаанаар “Премьер лиг”-ийн топ багууд болох “Манчестер Юнайтед”, “Челси” клубүүд учраа таарсан нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Тэд өнгөрсөн ням гаригт Лондон хотын “Стэмфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнд “Премьер лиг”-ийн тойргийн тоглолтод таарч, “Улаан чөтгөрүүд” 3:2-оор хожсон. Гэхдээ тус тоглолтод талбайн шүүгч гол дүрд тоглосныг үзэгчид тод санаж байгаа байх. Тэгвэл мөнхийн өрсөлдөгчид гурван хоногийн дараа гүүрэн дээр дахин учирч, “Челси” хүчтэй өрсөлдөгчөө нэмэлт цагт 5:4-өөр буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ халааслав. Маш өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолтын үндсэн цаг 3:3-аар тэнцсэн бөгөөд нэмэлт цагт талбайн эзэд хоёр, зочид нэг гоол оруулжээ. Уг тулаанд “Цэнхэрүүд”-ээс Дэвид Луис, Гэри Кэйхилл, Эден Азар, Даниэль Старридж, Рамирес нар гоолдсон бол “Манчестер Юнайтед”-аас хашир туршлагатай Райан Гиггз хоёр, Хавьер Эрнандес, Луиш Нани нар тус бүр нэг бөмбөгөөр Петр Чехийн хаалгыг мялаажээ.
Мөн энэ өдөр Английн төдийгүй Дэлхийн шилдэг багуудын нэг “Ливерпуль” “Энфилд Роүд” цэнгэлдэх хүрээлэндээ “Суонси”-д 1:3-аар хожигдож, багахан шуугианыг дэгдээлээ. “Улаанууд”-аас цорын ганц гоолыг багийн “Гоолын машин” Луис Суарес оруулсан бол эсрэг багаас Чико, Дайер, Гузман нар хийжээ.
Өчигдөр “Норвич Сити” “Тоттенхэм”-ийг талбайдаа 2:1-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 66 дахь минутад “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Гарет Бэйл тулааны салхийг хагалж, тоог 1:0 болгосон. Гэсэн ч 84 дэх минутад Лондоны багийн хамгаалагч Ян Вертонген өөрийн хаалганд автогоол оруулж, үүнээс гурван минутын дараа талбайн эздийн канад довтлогч Симеон Жексон ялалтын бөмбөгийн шигтгэсэн байна.
Лигийн цомын тэмцээний шөвгийн наймд “Лидс”, “Челси”-тэй, “Суонси” “Мидлсборо”-той, “Норвич Сити”, “Астон Вилла”-тай, “Брэдфорд Сити” “Арсенал”-тай оноолт таарчээ. Шөвгийн наймын тоглолт арванхоёрдугаар сарын 19-нд болно.
Б.Батаа
Сэтгэгдэл ( 0 )